Цар тахлаас чанагш: Монгол Улсын хүнсний тогтолцоог өөрчлөн сайжруулах нь
Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах боломжтой.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нарын хамтран туурвисан нийтлэл
Хоол хүнс бол зөвхөн иддэг зүйл төдий бус, харин бидний соёл, эдийн засаг, мөн байгаль ертөнцтэй харилцах харилцааны үндэс суурь билээ. Мэргэжилтнүүд “хүнсний тогтолцоо” гэж бүхэлд нь нэрлэдэг, бидний хоол хүнсээ үйлдвэрлэх, боловсруулах, хэрэглэх үйл ажиллагаа хүний амьдралын бүхий л хүрээнд нөлөөлж байдаг. Эдгээр үйл ажиллагаа зөв зохистой байвал хүнсний тогтолцоо нь хүнсний аюулгүй байдал, хоол хүнсийг хангаж, бидэнд өсч төлжих, идэвхтэй, эрүүл чийрэг байх нөхцөлийг бүрдүүлдэг. Харин хүнсний тогтолцоо доголдох үед үүдэн гарах хямрал нь бидний боловсрол, эрүүл мэнд, эдийн засагт, мөн хүний эрх, энх тайван, аюулгүй байдалд заналхийлдэг бөгөөд хамгийн сул дорой, эмзэг хүмүүст илүүтэй нөлөөлдөг.
“Хүнсний тогтолцоо” гэж юу билээ? Энэ нэр томъёо тариалах, өсгөн үржүүлэх, хоол хүнс бэлтгэхээс эхлээд хэрэглэх хүртэлх бүхий л шатанд оролцдог хүн бүр, үйл явц бүрийг багтаадаг бөгөөд хог хаягдлаараа юу хийж байгаа маань хүртэл энд хамаатай. Энд тариаланчид, малчид, боловсруулагчаас эхлээд дэлгүүрийн кассчин хүртэл, тээрмээс хөргүүртэй ачааны машин, цаашилбал айл хөршүүдийн хүнсний хаягдлаараа бордоо хийх төхөөрөмж хүртэл багтана. Хэдэн зуун мянган монголчууд хүнсний тогтолцооны хүрээнд амьдралаа залгуулж байна. 2020 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар дангаараа ажлын байрны 24 хувийг эзэлж, Монгол Улсад үйлдвэрлэсэн нийт нэмүү өртгийн 12 орчим хувийг бүрдүүлж байв[1].
КОВИД-19 цар тахлын зүгээс хүнсний тогтолцоонд учруулж буй дарамт нь уг тогтолцооны эмзэг байдал, сорилт бэрхшээлүүд болон тэдгээрийн хүмүүс, гариг ертөнц, хөгжил цэцэглэлтэд үзүүлэх нөлөө харилцан уялдаа холбоотой болохыг бидэнд тодорхой харууллаа. КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хүнсний тогтолцооны доголдлын улмаас олон хүн, ялангуяа цар тахлаас өмнө ч хүнд байдалд байсан хүмүүс ажилгүйдэл, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдлээ. НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаын судалгаанаас үзэхэд, КОВИД-19-ийн хямралын үеэр Монгол Улсын нийт өрхийн 72 хувь нь хоол хүнсээ танахад хүрсэн байна.
Үүнээс ч олон хүний хоол хүнс, шим тэжээлийн аюулгүй байдал алдагдахад КОВИД-19 түлхэц өгсөн байж болох ч энэ нь асуудлын суурь шалтгаан биш юм. Монгол Улсын хүнсний тогтолцоо КОВИД-19 цар тахлаас ч өмнө хэдийн доголдсон байсан. 2018 оны байдлаар нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч, бараг дөрвөн монгол хүн тутмын нэгийнх нь хүнсний баталгаагүй байдал дунд буюу ноцтой түвшинд хүрсэн байв. Гэтэл үүний зэрэгцээ таргалалттай, эсвэл хоол хүнстэй холбоотой өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголчуудын 55 хувь нь илүүдэл жинтэй, 20 хувь нь таргалалттай байна. Монгол Улсад цагаас эрт нас баралт 32 хувь байгаа нь бага орлоготой орнуудын дунд хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ бид хоол хүнсний нэлээд хэсгийг хаягдал болгон хаяж байна. Зуны улиралд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын 36 хувийг хүнсний хаягдал эзэлдэг[2].
Уур амьсгалын өөрчлөлт хүнсний тогтолцоонд ихээхэн нөлөөлж, зуд, ган, үер, салхи шуурганы давтамж нэмэгдэж, улам ширүүсч байна. Жишээлбэл, Монгол Улсад хамгийн хүнд өвлийн нэг 2021 онд тохиож, 1.5 сая толгой мал хорогдлоо. Гэхдээ өнөөгийн хүнсний тогтолцоо асуудлын бас нэг хэсэг юм. Монголын Улсад хүлэмжийн хийн 49 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа ялгаруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүнсний тогтолцооны асуудлаар дээд хэмжээний чуулга уулзалтыг 2021 онд хуралдуулахаар зарлалаа. Хүнсний тогтолцоог сайжруулан хөгжүүлэх асуудал улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг хэрэгжүүлэх хүчин чармайлтын төвд байх ёстойг улам бүр хүлээн зөвшөөрснөөр энэхүү шийдвэр гарсан билээ. Жишээлбэл, 2019 оны Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Тайланд хүнсний тогтолцоо, хооллолтын хэв маяг бол дэлхий даяар илүү тогтвортой замналд шилжин орохыг түргэтгэх эхлэлийн гол цэг гэж тодорхойлсон байна[3]. Түүнчлэн Тогтвортой Хөгжлийн Улс төрийн өндөр түвшний 2018 оны Чуулга уулзалтаас гарсан Сайд нарын тунхаглал[4] нь НҮБ-ын гишүүн орнууд болон оролцогч бүх талуудад хүнсний тогтвортой тогтолцооны хандлагыг хэрэгжүүлэхийг уриалсан билээ.
Монгол Улс үлдсэн хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлье гэвэл хүнсний тогтолцоогоо өөрчлөх ёстой. Хоол хүнсээ хэрхэн үйлдвэрлэж, боловсруулж, зах зээлд нийлүүлж, хэрэглэж, хог хаягдлаа хэрхэн устгаж байгаагаа бид нэн даруй эргэн харах шаардлагатай болжээ. Бид КОВИД-19-ийн хямралыг Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах хэрэгтэй байна.
Хүнсний тогтвортой тогтолцоонд шилжих бага бус, хэдийнээ хэрэгжээд эхэлсэн нөөц боломж Монгол Улсад бий. Энд технологийн шинэчлэл, эдийн засгийн урамшууллын стратеги, хэрэглээ уялдаа холбоотой бөгөөд оролцоотой засаглал, мөн зан үйлийн өөрчлөлт шаардагдана. Хөдөө аж ахуйг тогтвортой эрчимжүүлж, хөдөө аж ахуйн үнэ цэнийн сүлжээг бэхжүүлснээр нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжин, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хамааралтай байдлыг бууруулж, улмаар өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд туслах болно. Хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцийн менежментийн асуудлыг харилцан уялдаатай шийдвэрлэхэд бодлого, институцийн уялдаа холбоо амин чухал үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас эдгээр нөхцөл байдал, сорилтыг харгалзан үзэж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах зорилго бүхий ‘Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн’ үндэсний хөтөлбөрийг 2019 онд баталсан билээ. Хүнсний тогтвортой тогтолцооны талаар үндэсний хөгжлийн бодлогод, түүний дотор Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгаад байна.
Мөн салбар бүрт оролцогч талууд хүнсний тогтвортой тогтолцоог дэмжих чиглэлээр ажиллаж, зан үйлээ өөрчилж эхэлсэн нь сайшаалтай. Хүнсний тогтолцоо бол хүмүүсийг гариг ертөнцтэй холбох хамгийн хүчтэй холбоосын нэг мөн гэдгийг Засгийн газар болон бусад оролцогч талууд улам ихээр ойлгох болж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалсан арга барилаар нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар бүсийн түвшинд болон хувийн хэвшлийн хүрээнд хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгүүд зохион байгуулсан бөгөөд залуустай болон иргэний нийгэмтэй хийсэн бие даасан хэлэлцүүлгүүдэд олон тал идэвхтэй оролцож байгаа нь ч үүнийг нотлон харууллаа.
2021 оны 7 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж буй үндэсний хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгүүд нь энэхүү өргөжин тэлж буй хөдөлгөөнд тулгуурлан Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030-ийн хэрэгжилтийг түргэтгэхэд олон нийтийн хүчийг дайчлах болон хариуцлагатай үүрэг амлалт авах таатай боломж бүрдүүлж байна. Монгол Улсын үндэсний хүнсний тогтолцооны талаарх хэлэлцүүлгээс гарсан баримт нотолгоо, санаа бодол, үүрэг амлалтууд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сард зарлан хуралдуулах Дэлхийн хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний Чуулга уулзалтад хувь нэмэр оруулах болно. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын хувьд үндэсний хүнсний тогтолцоогоо өөрчлөн сайжруулах, Тогтвортой хөгжлийн бүх зорилтыг хангахад ахиц дэвшил гаргах хөшүүрэг болохуйц шинэлэг арга хэмжээ, шийдэл, стратегийг олох, хэрэгжүүлэхэд нь туслах болно.
[1] Why Food Systems Matter https://summitdialogues.org/overview/dialogues-and-the-food-systems-summit/why-food-systems-matter/
[2] ADB, Mongolia: Ulaanbaatar Community Food Waste Recycling Project https://www.adb.org/sites/default/files/project-documents/51102/51102-001-pam-en.pdf
[3] Independent Group of Scientists appointed by the Secretary-General, Global Sustainable Development Report 2019: The Future is Now – Science for Achieving Sustainable Development, (United Nations, New York, 2019). https://sustainabledevelopment.un.org/content/documents/24797GSDR_report_2019.pdf
[4] Ministerial declaration of the 2018 high-level political forum on sustainable development, convened under the auspices of the Economic and Social Council, on the theme “Transformation towards sustainable and resilient societies” https://www.un.org/ga/search/view_doc.asp?symbol=E/HLS/2018/1&Lang=E