19 Монгол энхийг сахиулагчид босогчдын халдлагын үеэр шархадсан 27 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлжээ.
Филип Андерссон
Майомд байрладаг 19 Монгол энхийг сахиулагчид орон нутгийн эрх баригчид болон Өмнөд Суданы Ардын батлан хамгаалах хүчнийхэнтэй хамтран саяхан болсон хэд хэдэн хүний амийг авч одсон босогчдын халдлагын үеэр шархадсан 27 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлжээ.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, дор хаяж 19 хүний аминд хүрсэн уг халдлага Юнити муж, Мажок голын ойролцоо Уоррап мужийн Буда хотод болсон гэж мэдээлэв.
Босогчдын догшин хэрцгий халдлагын талаар мэдээлэл авмагч, Майом дахь энхийг сахиулах үйл ажиллагааны түр баазад байрладаг энхийг сахиулагчид үйл ажиллагаагаа эхлүүлж, нөхцөл байдлыг хяналтандаа авахын тулд халдлага болсон газар луу явжээ.
Монголын энхийг сахиулагчид, Майомын бүрэн эрхт төлөөлөгч Жеймс Чуол Гатлуак, бригадын генерал Ажанг нарын хамт өглөөний 8 цагаас өмнөхөн баазаасаа гарч, гурван цагийн дараа гэхэд Мажок гол дээр хүрч ирсэн байна.
"Бид машинаар гол гаталж чадахгүй хэдий ч, Өмнөд Суданы Ардын батлан хамгаалах хүчний тээврийн хэрэгслийн тусламжтайгаар шархдагсдыг, тэдэнд бидний зүгээс болон Эрүүл мэндийн яамны эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж болох газарт хүргэж болно" гэж ажиллагааг хариуцсан хоёр Монгол офицерын нэг болох хошууч Б. Гантөмөр тооцоолсон байна.
Бүх шархадсан хүмүүсийг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх боломжтой голын эрэг рүү хүргэхэд нийт зургаан цаг зарцуулсан.
“Шархадсан 27 хүний дор хаяж тав нь 6-16 насны залуу охид байсан бөгөөд тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байсан. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд байна” хэмээн НҮБ-ын энхийн сахиулагчдыг командалж буй өөр нэгэн Монгол офицер болох хошууч Э. Түвшинжаргал хэллээ.
Бүх шархдагсдыг эмчилгээ хийлгэхээр ойролцоох Манкиений эмнэлэгт хүргээд байна.
Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хариуцсан төлөөлөгчийн газар нь улс орон даяар зөрчил мөргөлдөөн ихтэй байршлуудад хэд хэдэн цэргийн түр бааз байгуулжээ. Эдгээр газарт энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа нь хүчирхийллийг таслан зогсоох замаар энгийн иргэдийг хамгаалах зорилготой юм.
---
Энэ мэдээг анх Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны агентлагийн вэбсайтад нийтлэгдсэн болно. https://bit.ly/3axKFC7.