Хөл хорионы үеийн цахим сургалтын чанар хүртээмжийг сайжруулах нь
Цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон үед хүүхдүүд суралцах шаардлагатай байв. Харин тэдэнд цахим орчинд зайнаас суралцахад бид хэрхэн тусалсан бэ?
“Манай анги нийт 20 сурагчтай бөгөөд тэдний 13 нь малчин айлын хүүхдүүд” хэмээн нийслэл хотоос 1000 гаруй км-ийн алсад орших Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн тавдугаар ангийн багш Бямбаа ярьж байв.
Малчин айлын олон мянган хүүхдүүд ойролцоох сумын төвийн сургуулийн дотуур байранд амьдарч суралцдаг билээ.
Гэвч КОВИД-19 цар тахлын аюул дэгдсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш Монгол Улсын хэмжээнд бүх шатны сургуулиуд хаалгаа барьж, 900 мянган хүүхэд зайнаас теле хичээлээр суралцах дэглэмд орсон билээ. Тэр цагаас эхлэн монгол хэл, математик, байгалийн ухааны зэрэг бүхий л хичээлийг үндэсний хэмжээний телевизийн сувгуудаар зааж эхэлсэн. Телевизийн сувгууд сурагчдын анги, насны бүлгээр ангилан холбогдох хичээлүүдийг нэвтрүүлж байна. Мөн удалгүй хичээлүүдийг цахим хэлбэрээр заах аргыг давхар ашиглах болсон.
Гэвч бүх хүүхэд теле болон цахим хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байгааг судалгаа харуулжээ.
“Сургууль хаагдсан үед малчдын хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байна” гэж Бямбаа багш хэлж байна. Тэрээр ихэнх малчдын хүүхдүүд өвлийн улиралд гэрийнхэнтэйгээ отроор өвөлждөг болохоор бүр ч илүү хүндрэлтэй болохыг дурьдлаа.
2020 оны есдүгээр сард хүүхдүүд хичээлдээ ороод удаагүй байтал дотоодод халдвар дэгдсэнээс шалтгаалан дахин хаасан билээ. Сургууль хаалттай байх тусам хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна.
Малчин айл өрхүүд нарны зай хураагуур, жижиг оврын эрчим хүчний үүсгүүрийг ашиглах нь нэмэгдсэн хэдий ч тэдгээр нь малчдын эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж төдийлэн чадахгүй байна. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэргүй байна гэдэг нь теле хичээл авах боломжгүй гэсэн үг юм. Тог цахилгаангүй өрхүүдийн хувьд интернет бол бүр ч хүртэшгүй тансаг хэрэглээ болж байна.
Тэгш бус нөхцөл
Теле хичээлийн чанар, хүртээмжийн талаар бас дутагдалтай талууд ажиглагдлаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас саяхан явуулсан судалгааны дүнгээс үзэхэд уг судалгаанд хамрагдсан нийт хүүхэд, эцэг эхчүүдийн таван хувь нь теле хичээл үзэх зурагт, электрон тоног төхөөрөмжгүй байсан бол судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арван зургаан хувь нь зурагт, тоног төхөөрөмжтэй хэдий ч теле хичээлд оролцохгүй байгаа дүн гарсан. Хүүхдүүдийнхээ сургалтад хяналт тавих боломжгүй, завгүй ажилтай эцэг эхчүүдийн, эсвэл бага орлоготой болон малчин өрхийн хүүхдүүд ихэвчлэн теле хичээлд хангалтгүй оролцож байгааг судалгаа харуулжээ.
Мөн теле хичээл нь багш хүүхдүүдтэй харилцан ярилцах боломжгүй бөгөөд хичээлийн агуулга нь бага насны хүүхдүүдийн анхаарал, сонирхлыг татах талаар дутмаг байгаад зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн, теле хичээлүүд нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, үндэстний цөөнхийн хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран цахим сургалт явуулах нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн илүү харилцан үйлчлэл бүхий хүртээмжтэй загвар ашиглах чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хамтарсан төслийн хүрээнд цахим сургалтыг хүргэх эн тэргүүний хэрэгцээг тодорхойлох, цахим сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгад эрүүл мэндийн боловсрол зэргийг тусгаж өргөжүүлэх, Монгол Улсын боловсролын талаар баримтлах бодлогыг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж, алсын зайн болон цахим сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах талаар ажиллав.
НҮБ-ын Хүүхдийн сан нь өндөр чанар бүхий цахим сургалтын агуулгыг хөгжүүлэх, цахим сургалтын технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Үүний үр дүнд сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдүүдэд сонирхлыг нь татах интерактив цахим хичээл үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь сайн шийдэл болсон юм. Цахим хичээлээр хүүхдүүд сурсан мэдсэнээ бататгах дасгал ажлыг бие даан хийх боломжтой.
“Хөдөө орон нутгийн дийлэнх хүүхдүүд зурагтаар бус ухаалаг гар утас болон бусад электрон тоног төхөөрөмж ашиглан хичээлдээ оролцож байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэсэн. Тэрбээр цааш нь, “Энэ нь хичээлийн агуулгыг танилцуулж байгаа арга барилд ихээхэн өөрчлөлт хийх шаардлага байгааг илэрхийлж байна” гэж хэлэв.
Тоглонгоо суралцах нь
“Миний хүү бага зэргийн аутизмтай учир түүнд теле хичээл үзэх тун амаргүй байсан” гэж гуравдугаар ангийн нэгэн сурагчийн ээж Т.Одцэцэг ярьж байлаа. “Гэсэн хэдий ч цахим сургалтын платформд тавигдсан хичээлүүд нь манай хүүхдэд хичээлийн сэдвүүдийг ойлгож, бие даан ажиллахад нь илүү хялбар болгож байна” гэлээ.
“Цахим хичээлээ үзээрэй хэмээн дуудахад хүү маань маш их баярладаг” хэмээн сургуулийн өмнөх насны буюу 4 настай хүүхдийн ээж Б.Уянга ярьсан юм. “Ялангуяа миний хүүд цаасан онгоц хийх дасгал маш их таалагдсан. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд тоглонгоо суралцдаг юм байна” гэв.
Интерактив цахим сургалтын талаар багш нар ч бас ам сайтай байгаа. “Манай ангийн хүүхдүүд шинэ контентуудыг илүү их сонирхож байгаа” хэмээн Жавзандолгор багш ярьж байлаа.
НҮБ-ын хамтарсан төслийн хүрээнд боловсруулахаар төлөвлөсөн нийт 104 хичээлээс одоогоор 86 нь бэлэн болж https://econtent.edu.mn сайтад тавигдсан. Үлдсэн хичээлүүдийг тун удахгүй боловсруулж дуусна. Энэ сайтыг 11-р сарын 25-нд нээснээс хойш тус сайтад 100 гаруй мянган хүн зочилсон байна.
НҮБ-ын Хүүхдийн сан нь цаашид боловсролын агуулгыг илүү өргөн хүртээмжтэй болгохыг зорьж байна. Сургалтын агуулга хөгжүүлэгчид ч аудио хичээлүүдийг боловсруулж, сонсох төхөөрөмж байхгүй хүүхдүүдийг радио хүлээн авагчаар хангах талаар ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зайнаас суралцах нөхцөлийг бүрдүүлэх, мөн үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ зайнаас суралцах боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна. Одоогоор казах, тува хүүхдүүд эх хэлээрээ хичээл үзэх боломжтой болсон төдийгүй хичээлийн бүх агуулгыг дохионы хэлээр дамжуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Боловсрол, шинжлэх хаан, соёлын байгууллага нь тус улсын Засгийн газартай хамтран бүх нийтээр тэгш, хүртээмжтэй суралцах боломж нөхцөлийг хангахын тулд мэдээлэл харилцааны технологийн шийдлийг ашиглахаар хамтран ажиллаж байна.
Цар тахлын дараа
“Бидний зорилго бол хэнийг ч орхигдуулахгүй байх явдал” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава тэмдэглэв. Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сан нь цахим сургалтын платформоор дамжуулан хүн амын эрүүл мэнд, бэлгийн боловсролыг дэмжин ажиллаж байна.
“КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь Монгол Улсад НҮБ-аас үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлнэ” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. Тэрбээр цааш нь, “Энэхүү санаачилга нь цар тахлын үед ч, түүнээс хойш ч Монгол Улсын боловсролын салбарт хийх шинэчлэлийн хөдөлгөгч хүч болсоор байх болно” гэв.