“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг
2021 оны долоодугаар сарын 08
- Монголын хүнсний салбарын гол оролцогчид хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэх талаар хэлэлцлээ
Монголын хүнсний салбарын гол оролцогчид хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэх талаар хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ хамтран Монгол Улсын “Хүнсний тогтвортой тогтолцоо” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 7 сарын 8-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт хүнсний салбарын гол тоглогчид нэг дор цуглан, Монгол Улс 2030 он гэхэд хүрэхээр зорьж буй Тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэхийн тулд хүнсний тогтолцоогоо хэрхэн хөгжүүлэх талаар арга зам, гарц шийдлийг тодорхойлохоор нээлттэй хэлэлцлээ.
Уг арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарлан хуралдуулах Дэлхийн хүнсний тогтолцооны дээд хэмжээний чуулга уулзалтыг угтан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хэлэлцүүлгээр Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхийн тулд хүнсний тогтолцоогоо шинэчлэхэд түлхэц өгөх шинэ санаа, шинэлэг гарц шийдэл, стратегийг тодорхойлох бөгөөд энэхүү шийдвэр, үр дүнгээ 2021 оны 9-р сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах болно.
“Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэж Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа дурдав.
“Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцоллоо. Тэрбээр, хүнсний тогтвортой тогтолцоонд шилжих нь оролцогч талуудын зан төлвийг өөрчлөхөд чиглэсэн харилцан уялдаатай эдийн засгийн хөшүүрэг, технологийн инновац нэвтрүүлэхийг шаардаж байна. Ингэснээр хүнсний салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхийн тулд хүнсний тогтолцоондоо эрс өөрчлөлт хийх шаардлагатай гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа үзэж байна.
Тэрбээр, “Хоол хүнсээ хэрхэн үйлдвэрлэж, боловсруулж, зах зээлд нийлүүлж, хэрэглэж, хог хаягдлаа хэрхэн устгаж байгаагаа бид нэн даруй эргэн харах хэрэгтэй. Бид Ковид-19-ийн хямралыг Монгол Улсын хүнсний тогтолцоог илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгон хувиргах хэрэгтэй” гэв.
Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг угтан зургаан бүсийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан 11 салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хүнсний тогтолцооны шинэчлэлд оролцогч талуудын дуу хоолой, саналыг сонссон болно.
Эдгээр цуврал хэлэлцүүлгээр Монгол Улсын одоогийн хүнсний тогтолцооны нөхцөл байдал, түүнд тулгарч буй бэрхшээл, боломжийг тодорхойлж, ирэх 10 жилд тогтвортой хүнсний тогтолцоог бий болгох үйл ажиллагаа, мөн үүний тулд ойрын 5 жилд ямар арга хэмжээ авах талаар дараах үндсэн 3 чиглэлээр ярилцсан юм. Үүнд:
- Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих
- Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл
- Байгаль ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох сэдвийг хамарсан юм
Хүнсний тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/2SX2vJ2