Хэвлэлийн мэдээ

2023 оны Олон улсын охидын өдөрт зориулсан Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн мэдэгдэл

2023 оны аравдугаар сарын 11

Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг охидын эрхийг хамгаалахад бүх нийтээр манлайлал үзүүлж, тэдний сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг НҮБ-аас уриалж байна.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас охидын бүхий л эрхийг бүрэн дүүрэн хангахын төлөө ажиллаж буйгаа илэрхийлж байна.

Энэ өдөр охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсоох, охидод зүй бусаар нөлөөлж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хамтын хүчин чармайлтаа дайчлах өдөр юм.

Тэсвэр хатуужил, бүтээлч санаа, манлайллаараа аливаа сорилт бэрхшээлийг даван туулж буй монгол охидоор бид ихэд бахархаж байна. Охидын сурч боловсрох, хөгжих, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зэрэг эрхийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын тууштай хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж буйгаа цохон тэмдэглэж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад хүүхдийн эсрэг, ялангуяа охидын эсрэг хүчирхийлэл түгээмэл байгаад, тэр дундаа хүүхдүүд гэр бүл, сургууль, олон нийт, цахим орчинд үл хайхрах байдал, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, мөлжлөгт өртөж байгаад бид ихээхэн санаа зовниж байна.

Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсдаг болохыг НҮБ-ын  судалгаа харуулсан. Түүнчлэн, интернэтийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, зохисгүй контентод өртөхөөс гадна тэдний итгэлийг олох замаар зүй бус харьцаанд урхидах, ашиглах зэрэг аюулд өртөх нь нэмэгдэж байна. Мөн монгол эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн халдлагад өртсөн бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь гэр бүлийн ойрын хүрээний хүн байсныг НҮБ-ын судалгаа харуулсан.

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын салшгүй хэсэг юм. Охид, залуу эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь бидний хамтын ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт гэж Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг үзэж байна.

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц болон олон улсын хүний эрхийн бусад баримт бичгүүдэд нэгдэн орсноор  хүлээсэн үүргийнхээ дагуу охид, залуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нэн даруй устгах  цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тусгай илтгэгч 2021 онд Монгол Улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн эсрэг үндэсний хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөсөн. Хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зохих нөөц санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг зохих ял шийтгэлийг оногдуулахыг уриалж байна.

НҮБ нь охид, залуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний чадавхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд нь аюулгүй, хүртээмжтэй, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжихэд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан бид охидын эдийн засаг, улс төр, нийгмийн эрхийн хангаж, хүчирхийллээс ангид, аюулгүй, чинээлэг, шударга нийгмийг цогцлоохыг төлөө бидэнтэй нэгдэхийг бүх талуудад хандан уриалж байна.  

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд