Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммедыг Монгол дахь НҮБ-ын хамт олон угтан авч байгаадаа баяртай байна. Хатагтай Мохаммед айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын нээлтийн ажиллагаанд оролцлоо, илтгэл тавьлаа.
Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, сайд, олон улсын 20 орчим НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллага зэргийг төлөөлсөн зэрэг салбар салбарын эмэгтэй манлайлагчид оролцож, хүн төрөлхтний ногоон, чинээлэг ирээдүйд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг өсгөх, дэлхий даяар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй боломж, сорилтуудыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцэж байна. Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй дуу хоолой, манлайлагч хатагтай Мохаммед жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг бүхий л асуудлын төвд үргэлжлүүлэн тавих хэрэгтэй гэдгийг чуулганы төлөөлөгчдөд хандан уриаллаа.
"Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болон Бээжин+30 хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх дөхөж байгаа энэ үед жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зарчмуудыг ТХЗ-ын бүхий л салбарт тусгах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна" гэж ЕНБД-ын Орлогч нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирк Мусар нартай өндөр дээд хэмжээний уулзалт хийв.
Тэрээр мөн Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд зочилж, НҮБ-аас Монгол улсын хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үр дүнтэй танилцлаа. Мөн НҮБ-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний сонирхсон асуултуудад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ.