НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧИЙН ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2024-Д ХЭЛСЭН ҮГ
НҮБ-ын ЕНБД-ын Орлогч Амина Мохаммедын Дэлхийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хэлсэн үг
Улаанбаатар хот, 2024 оны Наймдугаар сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх,
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Доктор Наташа Пирц-Мусар,
Монгол Улсын Гадаад харилцааны сайд, эрхэм дүү, Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг,
НҮБ-ын хамт олон,
Хатагтай, ноёдоо,
Юуны өмнө Чингис хааныг төрүүлсэн Монголын эмэгтэйчүүдэд онцгойлон хүндэтгэлээ илэрхийлье.
Та бүхний алсын хараа, манлайлал, зориг тэмүүллээр бахархаж байна.
Мөн эдүгээ 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй Монголын Эмэгтэйчүүдийн холбоонд баярын мэнд дэвшүүлье.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд эх орондоо зохион байгуулах санаачилгыг Монгол Улсын Засгийн газар болон түүний түнш байгууллагууд гаргасан явдалд миний бие чин сэтгэлээсээ талархаж, сайшааж байна.
Даян дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүстэй хамтран нэгдэж бүх дэлхийн эмэгтэйчүүдийн туулж ирсэн замнал, сорилт бэрхшээл, ололт амжилтын талаар эргэцүүлэн хэлэлцэхээс илүү Монголын эмэгтэйчүүдийн туулж буй замналд үнэлэлт дүгнэлт хийх арга зам үгүй гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.
Эмэгтэйчүүд, охидын тэгш эрхт ертөнцийг бий болгох нь зөвхөн хүсэл зорилго төдий зүйл биш юм.
Энэ нь бидний хамтын үүрэг хариуцлага бөгөөд бидний цаг үеийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, 2030 он хүртэлх хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хурдасгах амин чухал зорилт юм.
Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт аль ч насны эмэгтэйчүүд амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн түлхүүр гэдгийг бид мэднэ.
Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог нэмэгдүүлснээр гэр бүл, нийгэмд үзүүлэх үйлчилгээ илүү сайжирна гэдгийг ч бид мэднэ.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөдөө аж ахуй, урьдаас эрт сэрэмжлүүлэх систем, нийгмийн дэд бүтцийн салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал гэдгийг мөн бид мэднэ.
Мөн цаг хугацаа биднийг хүлээхээргүй хэдийнээ тулсан учир илүү шударга, эрх тэгш нийгмийг цогцлооход эрэгтэй, эмэгтэйчүүд адил тэгш оролцох шаардлагатайг ч бид мэднэ.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд эерэг хандлага бүхий эрчүүдийн оролцоо ч тун чухал билээ.
2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад 6 жил хүрэхгүй хугацаа үлдэж байгаа тул үйл ажиллагаагаа хурдасгах эгзэгтэй мөчид бид хүрч ирээд байна. Үүний зэрэгцээ, ирэх жил бид Бээжин+30 хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ёстой.
Яаралтай байдлаа ухамсарлаж, ахиц дэвшил гаргахаар хичээж буй боловч эцсийн зорилгодоо хүрэх барианы шугамаас бид арай л хол байна.
Өнөөдөр энд хуран цугларсан та бидний олонхи нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллаж ирсэн. Цаг хугацааны эрхээр та бид эрхэм зорилгоо хойч үедээ өвлүүлж үлдээх нь ч гарцаагүй.
Эмэгтэйчүүд, охид цаашид удаан хүлээх боломжгүй гэдэгтэй бид бүгд санал нийлж чадна.
Бид бүхний эрх тэгш байдлыг хангахад тус болох эмэгтэйчүүд, охидын амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны таван тодорхой чиглэлийг дэвшүүлж байна. Тухайлбал,
Нэгдүгээрт, энэ жилийн чуулга уулзалтын сэдэв нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд эмэгтэйчүүд манлайлах үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, агаарын бохирдол гэсэн ‘эх дэлхийн гурвалсан хямрал’ нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн ноцтой аюулуудын нэг юм.
Эдгээр хямрал нь хэзээ ч ‘хүйсээс ангид’ байдаггүй. Жендэрийн тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, эмэгтэйчүүдийн амьжиргаа, эрх, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна.
Эмэгтэйчүүдийн амьдрал, амьжиргаа нь байгалийн баялагтай салшгүй холбоотой.
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу хувилбараар авч үзэхэд 2050 он гэхэд 158 сая гаруй эмэгтэйчүүд, охид уур амьсгалын хямралын улмаас ядууралд нэрвэгдэх магадлалтай байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн ядуурлын түвшин дэлхийн дунджаас бараг хоёр дахин өндөрт хүрч болзошгүй байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Ази, Номхон далайн бүс нутагт туйлын ядуурал газар авч, хүнсний аюулгүй байдал алдагдах төлөвтэй байгааг хэтийн тооцоо харуулж байна.
Эдгээр асуудал нь өөр хоорондоо салшгүй холбоотой.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бид хөдөө аж ахуй, хүнсний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвартай, тогтвортой үйлдвэрлэлийн гол түлхүүр болох хүнсний системийн өөрчлөлтийг жолоодох боломжийг олгох ёстой.
Бид байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй.
Бид шинээр гарч ирж буй манлайлагч залуу эмэгтэйчүүдийг илүүтэй дэмжиж, эх дэлхийн гурвалсан хямралыг даван туулах тэдний хүчин чармайлтыг үр дүнд хүргэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй.
Бид эмэгтэй удирдагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой.
Эмэгтэйчүүд юунд хүрч чадахыг бид харсан.
Филиппин Улсын иргэн Луиза Мабулогийн жишээ ч байна. Тэрээр зуун мянга гаруй мод тарьж, 160 гаруй га талбайг нөхөн сэргээж, байгальд суурилсан шийдэл олсон байдаг.
Та нарын дунд ч ийм жишээ цөөнгүй.
НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын бага хурал Колумб Улсад, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Талуудын бага хурал Азербайжан Улсад, Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурал Саудын Арабд тус тус болох дөхөж байна. Байгаль орчны асуудлаарх эдгээр гурван конвенцийн Талуудын бага хуралд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж дуу хоолойг нь хүргэхэд анхаарлаа хандуулцгаая.
Байгаль орчныг хамгаалах бүхий л үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх дэлхий нийтийн үүрэг амлалтыг нэмэгдүүлэх нь бидний олон талт хамтын ажиллагааны нийтлэг зорилт байх учиртай.
Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хангах илүү шударга, дэмжих орчныг бүрдүүлэх ёстой.
Бид сэргээгдэх эрчим хүч, ногоон болон дижитал эдийн засагт шилжих шилжилтийн боломжуудыг ашиглан шинэ ажлын байрыг бий болгох ёстой.
Ингэснээр эмэгтэйчүүдийн бүрэн бөгөөд үр бүтээлтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ жендэрт суурилсан мэргэжлээр ялгаварлан гадуурхах, цалин хөлсний зөрүүтэй байдлыг арилгах учиртай.
Бид эмэгтэйчүүдэд наснаас нь үл хамааран ур чадвар эзэмших, давтан суралцах, шинэ болон ирээдүйтэй мэргэжлээр ажиллах боломжийг хангахад дэмжлэг үзүүлэх ёстой.
Үүнтэй холбогдуулан Ботсван Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын III Бага хурал нь Монгол Улс зэрэг далайд гарцгүй орнуудын тогтвортой дэд бүтэц, харилцаа холбоо, тээврийн салбарт баримтлах бодлогыг хэлэлцэх гол талбар болно.
Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг ажлын байран дахь ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлж, таслан зогсооно гэсэн үг юм.
Энэ нь илүү анхаарал халамж бүхий нийгэмд шилжих өргөн хүрээтэй шилжилтийн нэг хэсэг болох ажил, гэр бүл хоорондын эерэг харилцааг дэмжих бодлогыг хөгжүүлнэ гэсэн үг юм.
Эмэгтэй, эрэгтэй хүмүүс төрийн чанартай үйлчилгээг авч, ая тухтай амьдрах хот суурин бүхий нийгэмд аж төрнө гэсэн үг.
Дөрөвдүгээрт, ‘уламжлалт боловсрол’-ын хүрээнээс хальж, эмэгтэйчүүд, охидыг илүүтэй дэмжих зайлшгүй шаардлагатай. Залуус гэрээсээ суралцах боломжтой байхын тулд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролыг өргөжүүлж, дижитал хүртээмжийг сайжруулах санаачилга нь охид, эмэгтэйчүүд нэг бүрийн сурч боловсрох болон зах зээлд орох боломжийг нэмэгдүүлэх гайхалтай сайн арга зам юм.
Эцэст нь, охид, эмэгтэйчүүдийг спорт, урлаг, соёлын бүхий л салбарт аварга тэргүүлэгч болох боломжийг бид олгох ёстой.
Анх удаа жендерийн тэгш байдлыг хангасан Парисын олимпын үеэр Олимпын жүдо бөхийн мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү тэргүүтэй Монгол Улсын эмэгтэй тамирчдынхаа спортын амжилтаар бахархах боломж бидэнд олдсон.
Бид бүх салбарт жендэрт суурилсан дарамтаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эерэг бус хэм хэмжээг өөрчлөх, спортоор амьжиргаагаа залгуулахын тулд эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил дэмжлэг авдаг байх чиглэлээр ажиллах ёстой.
Эцэст нь хэлэхэд, эмэгтэйчүүд, охид нэг бүрийг жендэрт суурилсан хүчирхийллээс ангид байлгах ертөнцийг бий болгохгүй бол миний дээр дурдсан тодорхой алхамуудын аль нь ч бүрэн хэрэгжих боломжгүй. Эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалахын зэрэгцээ хүсэл эрмэлзэлдээ хүрч, айдасгүй амьдрах ертөнцийг бид тэдэнд бүрдүүлж өгөх ёстой.
Эмэгтэйчүүдээ,
Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болон Бээжин+30 хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх дөхөж байгаа энэ үед жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зарчмуудыг ТХЗ-ын бүхий л салбарт тусгах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийн эрх, ялангуяа залуучууд, уугуул иргэд, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, тэдний мэдлэг, туршлагыг бүрэн харгалзан үзсэн бодлого бидэнд маш хэрэгтэй байна.
Ийм бодлогын зорилтыг хэрэгжүүлэх санхүүжилт ч бидэнд бас шаардлагатай. Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн санхүүжилтийг хурдасгах, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хүйсээр ангилсан үнэн зөв мэдээллийг бий болгоход шаардагдах хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх нь хариу арга хэмжээ авах, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх гол түлхэц болно.
Эмэгтэй удирдагч, ухуулан сурталчлагчдын хувьд та бид санал бодлоо хүчтэй илэрхийлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилтыг бүхий л асуудлын төвд үргэлжлүүлэн тавих хэрэгтэй.
Дэлхийн эмэгтэйчүүдийн энэхүү чуулга уулзалт нь бидэнд Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан ахиц дэвшлийг дүгнэн цэгнэх, Эмэгтэйчүүдийн аж байдлын Комиссын 69-р чуулганыг зохион байгуулахад оруулах хувь нэмрийн эрч хүчийг нэмэгдүүлж, арга чигийг тодорхойлж байна.
Энэ эрч хүчээ сааруулалгүй үргэлжлүүлцгээе.
Охид, эмэгтэйчүүд айдас хүйдэсгүй мөрөөдлөө биелүүлж, аливаа саад бэрхшээлгүйгээр нийгэмд хувь нэмрээ оруулж, амар амгалан, нэр төртэй амьдрах тийм таатай ертөнцийг бүрдүүлэхэд тусалцгаая.
Энэ нь хүн бүрт шударга, тэгш, тогтвортой ирээдүйг бий болгоход зайлшгүй шаардлагатай.
Бид хамтдаа энэхүү алсын харааг бодит үйлс болгож чадна.
Баярлалаа.