Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай асуудал биш юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах тухай юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулганд хэлсэн үг
14th March 2022
Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх танаа,
Эрхэмсэг хатагтай Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А. Ариунзаяа танаa
Эрхэмсэг хатагтай, УИХ-ын гишүүн А. Адъяасүрэн танаа,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Өнөөдөр энэхүү чухал арга хэмжээнд оролцон үг хэлэх завшаан тохиосонд талархлаа илэрхийлье.
Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай асуудал биш юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах тухай юм.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго 5-д тодорхойлсон жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар ихээхэн хүчин чармайлт, ахиц дэвшил гаргасныг сайшаан тэмдэглэж байна. Ялангуяа, жендэрийн тэгш бус байдлыг бууруулахад Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэмээр байна.
Тэгвэл, бид одоо эрэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд тэгш боломж олгох тухай ярилцах цаг болжээ. Улс орныхоо улс төр, нийгэм-эдийн засгийн хөгжил дэх эрх тэдний тэгш оролцоо, манлайлалд анхаарлаа хандуулах цаг болсон.
Өнөөдөр тухайлан анхаарлаа хандуулбал зохих дөрвөн гол зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Үүнд:
Нэгдүгээрт, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарлаа хандуулахыг хүсч байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бараг 10 жилээр богино байна. Гол шалтгаан нь гол төлөв архи, тамхины хэт их хэрэглээ, эрүүл бус хооллолт зэрэг эрсдэлтэй зан үйл, эрүүл бус амьдралын хэв маягтай холбоотой.
Эр хүн бие бялдрын хувьд хүчирхэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, хатуужилтай байх ёстой, эсвэл эр хүн бусдаас тусламж хүсэх нь сул доройн шинж гэх мэт бугшмал үзэл хандлага эрэгтэйчүүдийг сэтгэл зүйн тусламж авахад нь саад болж байна.
Тэд амьжиргаагаа алдах юмуу амьдралд нь тохиосон бусад таагүй явдлуудаас үүдэн сэтгэлийн хямрал, гутралд өртөх нь улам бүр нэмэгдсээр байна. Иймд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратегиа эргэн харж, эрэгтэйчүүд, хөвгүүдийн эрүүл мэндийг сайжруулах, эерэг зан үйлийг хэвшүүлэхэд чиглэсэн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, охид, хөвгүүдийн боловсрол эзэмжих эрх тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газар болон боловсролын салбарын оролцогч талуудад хандан уриалж байна.
Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар, хөвгүүдийн сургууль завсардалт анги дэвших тусам нэмэгдэж байгааг онцолсон. Ялангуяа, хөдөө орон нутагт илүү түгээмэл байгаа нь сэтгэл түгшээж байна. Аав ээждээ мал маллахад нь туслахаар хөвгүүд сургууль завсарддагаас үүдэн хөгжлөөс илүүтэй орхигдох хандлагатай байхад охид үргэлжлүүлэн суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байна.
Үүний үр дүнд, их, дээд сургуулийн оюутнуудын 60 гаруй хувийг охид эзэлж, дээд боловсролын тогтолцоонд жендэрийн тэнцвэргүй байдал бий болсон байна. Боловсролын салбарт хөвгүүд, эрэгтэйчүүдэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэж буй энэ цаг мөчид Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн боловсролыг зургаан настайгаас эхлэн эзэмшүүлэх өнөөгийн практик, цаашлаад хөдөө, орон нутгийн сургуулиудын боловсролын чанарын асуудлыг эргэн харах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Учир нь бага насны хүүхэдтэй хөдөө, орон нутгийн болон малчин гэр бүл хүүхдийнхээ боловсролын хэрэгцээ шаардлагаас үүдэн тусдаа амьдрахад хүрч байна. Энэ нь эргээд, гэр бүлийн асуудал, тэр дундаа гэр бүл салалтад нөлөөлж байгаа нь аймаг бүрд судалгаагаар нотлогдсон. Иймд, ялангуяа хөдөө орон нутагт бага насны хүүхдийн боловсролын асуудалд шинэлэг арга барил, шийдлийг эрэлхийлэх талаар боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд авч үзэх нь зүйтэй болов уу.
Гуравдугаарт, улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч болох эрэгтэйчүүдийг чадавхжуулахын тулд бид эмзэг бүлгийн эрэгтэйчүүдийг, тэр дундаа хөдөө орон нутгийн, мөн барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг улирлын чанартай үйл ажиллагаа бүхий салбарт ажил эрхэлдэг эрэгтэйчүүдийг тогтвортой ажлын байраар хангах шаардлагатай байна. Эдийн засгийн албан бус салбарт ажиллагсдын талаас илүү хувь нь эрэгтэйчүүд бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү олон цагаар ажилладаг. Энэ нь долоо хоногт дунджаар 54 цаг буюу улсын дунджаас дор хаяж 10 цагаар илүү байна. Өөр нэг түгшүүртэй статистик нь үйлдвэрлэлийн осол гэмтэл, цочмог хордлоготой холбоотой тоо баримт юм.
Эрэгтэйчүүдийн ажлын байран дээрээ гэмтэх магадлал хоёр дахин их байдаг ба 2020 оны байдлаар гэхэд үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдлууд бүгд эрэгтэйчүүд байв.
Эрэгтэйчүүдэд эрдэм номд шамдахаас эхлээд амьдрах ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бусад төрлийн мэргэжлийн ур чадварыг бага наснаас нь эхлэн насан туршийн боловсрол эзэмших боломжоор хангах замаар олгох явдал чухал. Энэ нь олон хөвгүүд, эрэгтэйчүүдэд эдийн засаг, нийгмийн аль алиных нь сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай болгоход туслах юм.
Бидний анхаарах ёстой өөр нэг чухал асуудал бол залуу ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн юм. Монгол залуус, ялангуяа 26-38 насны залуучууд гадаадад ажиллахаар шилжин суурьшиж, үүнээс үүдэн гэр бүлийн түвшинд ч, эдийн засгийн түвшинд ч нийгэм, эдийн засгийн янз бүрийн үр дагаварт хүргэж байгааг бид бэлхнээ харж байна. Энэ нь эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаг гэдгийг бодолцон, Засгийн газрын зүгээс иргэдийн зорьж очдог улс орнуудтай шилжин суурьшиж хөдөлмөр эрхлэх гэрээ, тэр дундаа тойргийн шилжилт хөдөлгөөн буюу олон дахин орж, гарч ажиллах боломж олгодог гэрээ байгуулах нь нөхцөл байдлыг шийдвэрлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлж чадна. Дотоод болон гадаад шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ эрэгтэй шилжин суурьшигч ажилчдын дунд зонхилж буй хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.
Дөрөвдүгээрт буюу эцэст нь, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо асар их гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монголд илүү тэгш, шударга нийгмийг цогцлоохын тулд тэгш эрхийн төлөө тэмцэгч эрэгтэйчүүд хэрэгтэй байна. Тиймээс би Монголын бүх эрчүүд, хөвгүүдийг эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө ч дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
Монгол эрчүүдэд тулгарч буй сорилт бэрхшээл, тэдгээрийн уг үндэс, учир шалтгааныг хайж, боломжуудын талаар авч хэлэлцэж буй энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулсан явдалд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.
Энд би, Нобелийн энх тайвны шагналт, Өмнөд Африкийн теологич, хүний эрхийн төлөө тэмцэгч Десмонд Тутугийн хэлсэн үгийг эш татмаар байна. Тэрбээр, "Хүмүүсийг зүгээр л голын уснаас татаж гаргахаа зогсоох хэрэгтэй. Харин оронд нь голын эх рүү нь очиж тэд яагаад ус руу унаад байгааг олж мэдэх хэрэгтэй" гэсэн юм.
Төгсгөлд нь, Монгол Улс дахь НҮБ монгол эрчүүд улс орныхоо эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, манлайлалд саад болж буй уг үндэс, шалтгааныг арилгахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газар, иргэд, олон нийтийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг дахин илэрхийлье. Хамтын хүчин чармайлтаар бид эдгээр сорилт бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд сайн сайхныг хүсье. Баярлалаа.