Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

2024 оны арван нэгдүгээр сарын 25

GBV 16 day Campaign 2024-mn

Нэгдсэн Үндэстний Байгууллага Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) бүх хэлбэрийг устгах тухай хатуу байр сууриа илэрхийлж байна. Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяны өрнүүлж, ЖСХ нь өргөн цар хүрээг хамарсан, өнө удаан жил үргэлжилсэн хүний эрхийн зөрчил болохыг онцгойлон сануулж байна. 

Дэлхийн хэмжээнд энэ жилийг "Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жил: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье" уриан дор тэмдэглэж, энэхүү ужгирсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсад 2024 оны аяныг "ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч" сэдвийн дор өрнүүлж буй нь технологид суурилсан хүчирхийлэл (ТСЖХ) нэмэгдэж, охид, эмэгтэйчүүдэд цахим болон бодит орчинд учрах хор хөнөөлийг улам даамжруулж буйг онцолж байгаа хэрэг юм. Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хууль тогтоомжийн шинэчлэл хийж, тодорхой ахиц дэвшил гаргасан хэдий ч, ялангуяа Технологид суурилсан жендэрийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр томоохон сорилтуудтой тулгарахын зэрэгцээ, хэргийг дутуу мэдээлэх зэрэг асуудал байсаар байна.

Жендэрийн хэвшмэл ойлголтууд эрх мэдлийн тэгш бус байдлыг даамжруулж, хор хөнөөлтэй зан үйлийг хэвийн мэт харагдуулсаар байгаа нь Монгол Улсад тулгарч буй жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж байна. Монголчуудын 97 хувь нь эмэгтэйчүүдийн талаар хамгийн багадаа 1 жендэрийн хэвшмэл ойлголттой байдгийг НҮБХХ-ийн 2023 оны жендэрийн нийгмийн хэм хэмжээний индекс харуулсан бөгөөд эдгээр хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн эрх оролцоог нэмэгдүүлэхэд тулгардаг үндсэн саад тотгор болохыг илтгэж байна.

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд өөрсдийн үүрэг, соёлын хэм хэмжээ, хариуцлагын улмаас уур амьсгалын өөрчлөлтөд хэт их өртөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, шилжин суурьшигчид, дүрвэгсэд, уугуул эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн хүмүүс тусламж авахад  илүү саад бэрхшээл, өндөр эрсдэлтэй тулгарч байна.

Дэлхийн дахинаа Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэх цаг мөч ойртож буй энэ үед засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түнш, хувь хүмүүст хандан НҮБ-аас дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

  1. ЖСХ-ийн бүх хэлбэр, түүнчлэн ТСЖХ-ийг арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах.
  2. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүчирхийллийг даван туулагчдад шударга ёс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх.
  3. Хор хөнөөлтэй жендэрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг арилгах зорилгоор олон нийтэд чиглэсэн мэдээллийн кампанит ажлыг хэрэгжүүлэх.
  4. Гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохын зэрэгцээ аюулгүй цахим орон зайг бий болгоход технологийг ашиглах.
  5. Хүн амд суурилсан тогтмол мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн дүн шинжилгээ, ашиглалтыг сайжруулах замаар нотолгоонд суурилсан бодлого тодорхойлж, хариуцлагын тогтолцоо бий болгох.
  6. Цөөнх болон эмзэг бүлгийн төлөөллийг хэлэлцүүлэгт оролцуулж, шийдвэр гаргах үйл явцад бүрэн оролцох боломжоор хангах.
  7. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг хамтрагчаар  татан оролцуулах.

ЖСХ-ийг таслан зогсоох нь хамтын хариуцлага бөгөөд нийгмийн бүхий л салбарын хүчин чармайлт шаардлагатай. Энэхүү 16 хоногийн аяны хүрээнд өөрчлөлтөд зөвхөн уриалаад зогсохгүй эмэгтэйчүүд, охид хаана ч аюулгүй байх ирээдүйг бий болгохын төлөө шийдэмгий ажиллацгаая.

Бид хамтдаа Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах Тогтвортой хөгжлийн 5-р зорилтод тусгасанчлан хүндлэл, эрхэм чанар, эрх тэгш байдлыг хангах нь хүсэл эрмэлзэл төдий биш, хүн бүрийн амьдралд бодит биелэлээ олсон ертөнцийг бүтээж чадна.

"ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч"   

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХААХОУС
Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
ОУХТ
Олон улсын худалдааны төв
ОУЦХБ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага
ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБАНДЭЗНК
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс
НҮБ-Эмэгтэйчүүд
НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
ХДХВ/ДОХ
ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр
ЮНСТАД
Худалдаа, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБ-ын ГЭББ
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
МБГХТА
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба
НҮБ-ын ТҮА
НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба
НҮБСДХ
НҮБ-ын сайн дурын хөтөлбөр
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд