Шинжлэх ухаанд тэмүүлэгч “Ms. STEM” хөтөлбөрийн охидтой танилц
Үеийн охидоо ШИМТ салбарт суралцахыг уриалсан залуу манлайлагчдын нэг А.Ану-Үжинийг ОУ-ын ШУ-ны салбар дахь охид, эмэгтэйчүүдийн өдрөөр онцолж байна.
Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн (ШИМТ) салбарт цахиур хагалах мөрөөдөлдөө хөтлөгдсөн, 18 настай А. Ану-Үжин болон түүний нөхдийг энэ жилийн Шинжлэх ухааны салбар дахь охид эмэгтэйчүүдийн олон улсын өдрөөр танилцуулж байна.
Тэр бол үе тэнгийн охидоо ШИМТ салбарт суралцаж, амжилт гаргахад нь уриалан дуудсан залуу манлайлагчдын нэг юм.
Ms.STEM буюу байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй ахлах сургуулийн болон сургуулиа төгсөөд гадаад, дотоодын их дээд сургуульд бэлтгэхээр нэг жил өнжиж буй охидод зориулсан хөтөлбөрөө танилцуулахаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрад хандсан нь 12 дугаар ангийн сурагчаас гарахааргүй их зориг, манлайлал байв. Түүний энэхүү шинийг эрэлхийлж, үе тэнгийн охидоо дэмжихийг зорьсон саналыг Тапан Мишра дарга найрсгаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлэв. Тэрээр, охидын төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүсч Монгол улсдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлж буй NewCom группэд хандсанаар уг компаний дэмжлэгээр төслөө хэрэгжүүлэх боломжтой болов.
Уг төсөлд нийт 40 гаруй охид хамрагдаж, улс оронд тусгамдаж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад шинжлэх ухаан, технологийн инновацыг ашиглан шийдлийг эрэлхийлжээ.
Төсөлд оролцсон охидод ШИМТ салбарт хэдийнэ амжилттай яваа залуу эмэгтэй эрдэмтэд, мэргэжилтнүүдийг урьж, нано технологи, механик инженерчлэл, шинжлэх ухааны төдийгүй жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр 4 долоо хоногийн сургалт зохион байгуулсан. Түүнчлэн, охид хог дахин боловсруулах үйлдвэр болон шинжлэх ухааны музей зэргээр зочилж, мэдлэгээ арвижуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулжээ.
НҮБ-д залуучуудын хөгжлийн асуудлаар залуусын дуу хоолойг хүргэх гүүр болсон НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны залуус ч мөн охидод төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь зөвлөж дэмжсэн аж.
Төслийн оргил хэсэг нь 2023 оны 11 сарын 4-нд болсон “Ms.STEM Science Fair” буюу нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэлэг санаа, инновац шингээсэн туршилтын төслөө танилцуулах өдөрлөг байв..
Өдөрлөгт эрчим хүч хэмнэх, төмс, идэвхжүүлсэн нүүрсийг ашиглан ус цэвэршүүлэх, нарны болон салхины эрчим хүчийг ашиглан ус цэвэршүүлэх, хүнсний хог хаягдлаар бордоо гаргах, цахилгаан машинд зориулсан салхины хүчээр ажиллах повербанк, байгальд ээлтэй гэр бүтээх зэрэг гайхалтай шинэлэг санаа, төслүүдээ танилцуулсан юм.
Энэхүү Монголын ахлах сургуулийнхны дунд анхдагч болох төслийг санаачилсан А. Ану-Үжин үе тэнгийнхээ охидод өөрчлөлт шинэчлэлийг бий болгох манлайлалд насны хязгаар байхгүй гэдгийг батлан, урам зориг итгэл найдвар өгсөн гэдэгт итгэлтэй байна. Түүний энэхүү бяцхан зориг зүтгэл шинжлэх ухаан технологийн салбарт охид амжилт гаргаж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой гэдгийг харуулж чадлаа.