“Эмэгтэйчүүд - энх тайван, аюулгүй байдал” сэдэвт семинарын нээлтийн үг
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Яап ван Хиердэний нээлтийн үг

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо.
Та бүхэнд өглөөний мэнд хүргэхийн ялдамд бидэнтэй хамт байгаад талархал илэрхийлье.
Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар нэн чухал бөгөөд томоохон өөрчлөлт авчрах хөтөлбөрийг нутагшуулах, хэрэгжүүлэх талаар хэлэлцэх энэхүү чухал уулзалтад оролцож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ бол энхийг сахиулах, энх тайвныг цогцлоох, мөргөлдөөнийг шийдвэрлэх, улс төрийн шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн гол үүрэг оролцоо амин чухал болохыг тодорхойлсон хөтөлбөр юм.
Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоолоор баталсан гэдгийг та бүхэн мэдэх буй за. Энэхүү хөтөлбөр нь энх тайван, аюулгүй байдлын талаар шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй, тэдний оролцоог хангах нөхцлийг дэлхийн хэмжээнд бүрдүүлсэн баримт бичиг юм.
Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, мөргөлдөөнд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах, энх тайвныг сахиулах үйлст жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг бүрэн дүүрэн оролцуулах шаардлагатай болохыг Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын энэхүү хөтөлбөр онцолж байгаа юм. Энэ нь тэгш хүртээмжтэй, мятрашгүй, энх тайван нийгмийг цогцлоох үйл явцын зайлшгүй алхамууд болох энх тайван, аюулгүй байдал, засаглалыг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх арга, хэлбэр юм.
Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн 25 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг үед гишүүн орнууд санаачлага гаргаж, Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөгөө боловсруулах хүсэл эрмэлзэлээ илэрхийлж байна. Энэхүү төлөвлөгөө нь энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл явц, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн үр дүнтэй, утга учиртай оролцоог хангахад ямагт тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн тодорхой үйл ажиллагааг багтаасан төлөвлөгөө юм. Нийгмийн олон талын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн идэвхтэй, цогц оролцоо, үүрийг тодорхойлсон төлөвлөгөө юм. Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд "цогц нийгмийг бүрэлдүүлэгч" иргэний нийгмийн гүйцэтгэх чухал үүргийг хүлээн зөвшөөрч, онцолсон төлөвлөгөө юм.
Өнө мөнхөд орших энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд харилцан туслах арга замыг гишүүн орнууд эрэлхийлж байна. Өнөөгийн байдлаар 112 улс Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг боловсруулан, тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уур амьсгал, энх тайван, аюулгүй байдал зэрэг шинэ тутам тулгарч буй асуудлуудын хүрээнд олон улс орон бодлого, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангаж байна.
Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг хариуцсан сүлжээнд одоогоор 101 гишүүн орон элсээд байна. Энэхүү сүлжээг гишүүн орнууд болон бүс нутгийн асуудал эрхэлсэн байгууллагууд байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтийг шийдвэр гаргах түвшинд сайжруулах, бэхжүүлэхэд бие биедээ туслах, ингэхдээ иргэний нийгэмтэй нягт хамтран ажиллах зорилготой. Цаашид Монгол улс энэхүү дэлхийн сүлжээнд нэгдэх талаар бодож үзнэ гэдэгт найдаж байна.
Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө нь зөвхөн нэг хүрээ биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол НҮБ-ын дүрмийн үзэл баримтлалд нийцүүлэн гаргасан энх тайван, аюулгүй байдлын төлөөх тууштай үүрэг амлалтын илрэл байх учиртай. Энэ бол энх тайван, аюулгүй байдлыг хангахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог анхан шатнаас эхлээд хамгийн өндөр түвшин хүртэл хангах улс орнуудын хүчин чармайлтыг харуулах замын зураг байх ёстой. Энэ бол мөргөлдөөний мөн чанар, түүнийг хөдөлгөгч хүчин зүйл өөрчлөгдсөнийг ойлгож, илэрхийлсэн замын зураг байх ёстой. Эдгээр өөрчлөлтүүд шинэ технологи, дижитал орон зай, уур амьсгалын онцгой байдал, хүн амын өөрчлөлт зэргээс үүдэлтэй. Эдгээр өөрчлөлтийн талаар өнөөдөр болон маргааш хэлэлцэх болно.
Монгол Улс нь энх тайван, тогтвортой байдлыг олон арван жилийн турш хангаж, дэлхийн энхийг сахиулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буй орон юм. Иймээс үндэсний хөтөлбөрөө баталснаар онцгой боломж бүрдэхийн зэрэгцээ, үүрэг хариуцлага дагаж ирнэ. Монгол улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж ирсэн түүх, засаглал, энхийг сахиулах үйлс зэрэг бүхий л салбар дахь монгол эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах бат бөх суурь болж байна.
Монгол Улс энхийг сахиулах олон улсын үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр манлайлах томоохон үүрэг гүйцэтгэж, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар олон улсын чухал уулзалтуудыг олон жилийн турш зохион байгуулсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд 2002 онд зэвсэггүй хоёр ажиглагч илгээж, энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулсны 22 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Өнөөдөр дэлхий даяар 900 гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж, албан үүрэг гүйцэтгэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2022 онд Монгол Улсад айлчлах үеэрээ, Монгол улсын талаар НҮБ-ын бүхий л талын эв санааны нэгдлийг илэрхийлсэн. Монгол улс бол "зовлон зүтгүүр нүүрлэсэн дэлхий дээрх энх тайвны бэлгэдэл юм" гэж тэрээр тодорхойлсон. Тэрээр дэлхий дахинаа геополитикийн ноцтой хуваагдал үүсч, зөрчил мөргөлдөөн газар авч буй энэ цаг мөчид Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж, бусад улс орнуудад үлгэр дуурайл болж байна гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах, шийдвэр гаргах түвшинд эрх тэгш төлөөллийг хангах, эмэгтэйчүүдийн үзэл бодлыг үндэсний аюулгүй байдлын бодлогод тусгах зэрэг сорилтууд байсаар байгааг мөн онцолсон билээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэг бол бидний хамтын хүчин чармайлтын дөнгөж эхлэл юм. Энэ бол засгийн газар, иргэний нийгэм, олон улсын түншүүдийн хамтарсан хүчин чармайлт байх болно.
Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш үнэ цэнэтэй болохыг өнөөдөр онцлон тэмдэглэе. Чухамдаа та бүхэн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн гол түншүүд юм.
Санал болгож буй Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн үндэсний төлөвлөгөөг зүгээр нэг баримт бичиг биш, амьтай, амьсгалдаг үүрэг амлалт болгохын төлөө бид хамтдаа ажиллах болно. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, тогтвортой энх тайван, аюулгүй байдлыг Монгол Улс болон бусад оронд бий болгохын төлөөх амлалт байх учиртай.
Цаашдын хэлэлцүүлэг, үйл ажиллагааг догдлон хүлээж байна.
Баярлалаа.


