Хэвлэлийн мэдээ

Экспортыг дэмжих олон улсын форум 2023: Ногоон, цахим экспортыг хөгжүүлэх нь

2023 оны хоёрдугаар сарын 14

Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс жил бүр зохион байгуулдаг Экспортыг дэмжих олон улсын форумыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2023 оны зургадугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

(Женев/Улаанбаатар) – Женевт төвтэй ОУХТ-ийн онцлох арга хэмжээ болох Экспортыг дэмжих олон улсын форум (ЭЛОУФ) нь эдийн засгийг илүү төрөлжүүлэх ногоон, цахим худалдааг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Улс орнуудын жижиг дунд бизнесийг дэлхийн зах зээлтэй холбохын төлөө ажиллаж буй ОУХТ нь уг форумыг Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай хамтарсан ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү арга хэмжээг мөн Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага дэмжин ажиллах болно.

“Ногоон худалдаагаар төрөлжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах энэ жилийн форум нь дэлхий дахинаа нүүрлээд буй олон төрлийн хямралыг шийдвэрлэхүйц тогтвортой, ногоон хөгжлийг дэмжсэн, цахим шийдлийг эрэлхийлэх бөгөөд Ази, Номхон Далайн бүс нутаг, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-д гол анхаарлаа хандуулна.

Стратегийн хувьд Ази, Европ тивийн хооронд байрладаг Монгол Улс нь нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, агробизнес болон цахим үйлчилгээг өргөжүүлэх ихээхэн нөөц, боломжтой улс юм. Мөн Монгол улсын зах зээлд өндөр боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчдийн удирдаж буй жижиг дунд бизнесүүд ч өөрийн гэсэн байр сууриа эзэлж байна.

2023 оны ЭЛОУФ -ын нээлтийн ажиллагаа

Өдгөө 20 дахь жилдээ зохион байгуулж буй Экспортыг дэмжих олон улсын форум нь дэлхийн худалдааг хөгжүүлэх талаар олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж, жижиг дунд бизнесийг өргөжүүлэх замаар улс орнуудын хөгжлийг дэмжих зорилготой. Тус форум нь жижиг дунд бизнес, ялангуяа эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудын дуу хоолойг нэгтгэдгээрээ онцлог юм.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэлмаа нар 2 дугаар сарын 15-ны өдөр ОУХТ-ийн Женев хот дахь төв байранд болон цахим хэлбэр хосолсон байдлаар зохион байгуулагдах Экспортыг дэмжих олон улсын форумын нээлтийн ажиллагааны үеэр тус форумын зарыг олон нийтэд сонордуулах болно.

“Түүхий эдийн экспортыг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн экспортод тулгуурласан эдийн засагт шилжихэд жижиг дунд бизнес чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа, эмэгтэй, залуу энтрепренерүүд ирээдүйд илүү тогтвортой, ногоон бизнесийг сонгож байна. Монгол Улсад зохион байгуулах энэ удаагийн форумд ногоон худалдаагаар эдийн засгийг төрөлжүүлж, аливаа хямрал сорилыг даван туулах чадавхыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр олон улсын бизнес эрхлэгчдийн  манлайлагчид нэг дор чуулах болсонд бид баяртай байна” гэж Хатагтай Коук-Хамилтон онцлов.

“Бид форумыг зохион байгуулагчийн хувиар тулгамдаж буй сорилтуудад нийтлэг шийдэл олж, илүү ногоон, өөр хоорондоо нягт холбогдсон, хүртээмжтэй худалдааны ирээдүйг бий болгохын төлөө олон улсын хэмжээний манлайлагчидтай харилцах болсондоо баяртай байна” гэж элчин сайд Д. Гэрэлмаа цохон тэмдэглэв.

Форумын нээлтийн ажиллагаа нь 2023 оны 02-р сарын 15-ны өдөр Женевийн цагаар 10:00-11:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 17:00-18:00 цагт болно. Дараах холбоосоор нээлтийн ажиллагаанд цахимаар оролцоно уу. Join for the hybrid launch event

 

ДГХБО-ууд, эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэх нь

Экспортыг дэмжих олон улсын форумын үеэр 2024 онд болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Сайд нарын бага хуралд зориулсан ДГХБО-уудын Хувийн хэвшлийнхний бэлтгэл уулзалтыг зохион байгуулна. 06-р сарын 26-ны өдөр болох энэхүү форумыг угтсан тусгай арга хэмжээний үеэр ДГХБО-уудын бизнес эрхлэгчид санал зөвлөмжөө НҮБ-д албан ёсоор илэрхийлэх боломжтой бөгөөд саналуудыг нэгтгэсэн дүгнэлтийг форумын нэгдсэн хуралдаанд албан ёсоор хүргүүлнэ.

Зургадугаар сарын 26-ны өдөр мөн “SheTrades Mongolia Hub” буюу “Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн нээлтийн ажиллагаа болно. Энэхүү төв нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдлагатай компаниудад зориулсан сургалт болон бодлогын зөвлөгөөгөөр хангадаг дэлхийн бусад 11 үндэсний хэмжээний төвүүдтэй хамтран ажиллах юм.

Зургадугаар сарын 27-нд зохион байгуулагдах Залуу бизнес эрхлэгчдийн дунд болох бизнесийн шинэлэг санаачлагаар өрсөлдөх тэмцээнд Монгол улс зэрэг хэд хэдэн орноос шигшээ шатанд шалгарсан залуучууд оролцоно.

 

Жижиг бизнесийг онцлохын учир

Экспортыг дэмжих олон улсын форумын албан ёсны нээлт Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих олон улсын өдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр болно.

Жижиг дунд бизнес, үйлдвэрлэл нь худалдаа, арилжаагаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож, олон улсын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн ихэнх эдийн засгийн нэгэн адил Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн гол тулгуур болж, нийт ажиллах хүчний дөрөвний гурвыг төлөөлдөг бөгөөд жижиг бизнес эрхлэгчдийн дунд эмэгтэйчүүд багагүй хувийг эзэлдэг. Иймд, жижиг бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг олон улсын зах зээлтэй холбосноор худалдааны өгөөж, үр шимийг тэгш хүртээмжтэй хүртэх боломжтой.

2023 оны форумын нэгдсэн хуралдаан нь 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд болох бөгөөд худалдааг төрөлжүүлэх арга замуудаас авхуулаад шинээр үүсэж буй салбаруудад залуу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны салбарт гарч буй томоохон өөрчлөлт, чиг хандлагууд, ногоон худалдаа, цахим үйлчилгээ, санхүүгийн хүртээмж хүртэлх олон улсын худалдаа болон бизнесийг тодорхойлж буй өнөөгийн асуудлуудыг хөндөж хэлэлцэх юм.

Форум нь 06-р сарын 29-ний өдөр болох Монгол Улсын жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан органик, цахим худалдааны чадавх бэхжүүлэх сургалтаар өндөрлөнө.

Экспортыг дэмжих олон улсын форумыг 2019 онд Этиоп улсын Аддис-Абеба, 2018 онд Замби улсын Лусака, 2017 онд Унгар Улсын Будапешт, 2016 онд Шри Ланка улсын Коломбо,  2015 онд Катар Улсын Доха, 2014 онд Руанда улсын Кигали, 2012 онд Индонез улсын Жакарта, 2011 онд Турк улсын Истанбул, 2010 онд БНХАУ-ын Чунчин хотод тус тус зохион байгуулсан.

Форумын талаар цаг үеийн шинэ мэдээ, мэдээллийг http://www.intracen.org/wedf холбоосоор авахаас гадна форумд оролцохыг хүсвэл https://indico.un.org/event/1004191/ холбоосоор бүртгүүлнэ үү.

 

Олон улсын худалдааны төвийн тухай: Олон улсын худалдааны төв бол Дэлхийн Худалдааны Байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтарсан агентлаг юм. ОУХТ нь хөгжиж буй орнуудын бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.intracen.org  цахим хуудсанд зочилно уу.

ОУХТ-ийг нийгмийн сүлжээнд дагах: Twitter | Facebook | LinkedIn | Instagram | Flickr

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ОУХТ
Олон улсын худалдааны төв

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд