Гэвч хангалттай хөрөнгө оруулахгүйгээр энэхүү нөөц боломжийг бүрэн ашиглах боломжгүй.
Боловсролыг зарим улс орнуудын төрийн бодлого хийгээд олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгохгүй байгаад миний бие харамсаж байна.
Энэ жилийн Олон улсын боловсролын өдрийн уриа нь бидэнд “хүний хөгжилд хөрөнгө оруулж, боловсролыг нэн тэргүүнд эрэмблэх”-ийг уриалж байна.
Боловсрол нь Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг биелүүлэхэд нэн чухал үүрэгтэй.
Өнгөрсөн жилийн “Хувьсаж буй боловсрол” чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын тэргүүнүүд нэгдэж чуулж, суралцагч бүрд амжилтад хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хүртээмжтэй байлгахын тулд боловсролын тогтолцоог дахин шинэчлэн төсөөлсөн билээ.
Ийнхүү, 130 гаруй улс орон дэлхийн түвшний чанартай боловсролыг төрийн бодлого, хөрөнгө оруулалтынхаа тэргүүлэх чиглэл болгох амлалт өгсөн юм.
Боловсролын хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой арга хэмжээ авах уриалга болон Олон улсын боловсролын санхүүжилтийн санаачлагыг эхлүүлсэн нь дотоодын болон олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх шинэ түлхэц болж чадлаа.
Чуулга уулзалтаар мөн хямралын үеийн боловсрол, охидын боловсрол, суурь боловсрол, хувьсаж буй сургахуй, дижитал хэрэгсэл болон ногоон боловсролын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх олон төрлийн глобал санаачилгыг эхлүүлсэн юм.
Улс орнууд Чуулга уулзалт дээр өгсөн амлалтынхаа дагуу сурагч нэг бүрд хүртээмжтэй бөгөөд ээлтэй суралцахуйн орчныг бүрдүүлэх бодитой арга хэмжээ авах цаг нэгэнт иржээ.
Түүнчлэн боловсролын хүртээмжийг хязгаарлаж байгаа ялгаварласан хууль тогтоомж, арга туршлага бүрийг эцэс болгох цар иржээ. Миний бие ялангуяа Афганистан улсын де-факто удирдагчдыг охидыг дунд болон ахлах сургуулийн боловсрол эзэмшихийг хориглосон харгис бөгөөд хэрэгжих боломжгүй шийдвэрээ буцаахад уриалж байна.
Миний бие мөн улс орнуудыг 2023 оны ТХЗ-ын Дээд хэмжээний чуулга уулзалт болон 2024 оны Ирээдүйн чуулганд бэлтгэх ажлынхаа гол төвд боловсролыг тавихад уриалж байна.
Хамгийн гол нь, би иргэний нийгэм болон залуучуудыг чанартай боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сайжруулахын төлөө уриалсаар байгаасай гэж хүсэж байна.
Өөрчлөлт шинэчлэлийн галыг асаая!
Тэгш нийгэм, динамик эдийн засаг болон даян дэлхийн суралцагч бүрийн хязгааргүй мөрөөдлийг дэмжиж чаддаг боловсролын тогтолцоог бий болгоцгооё!