Бид бүхэн урьд өмнө байгаагүй, өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй хүний эрхийн сорилтуудтай тулгарах болжээ.
Өлсгөлөн хийгээд ядуурал нэмэгдэж, сая сая хүний эдийн засгийн болоод нийгмийн эрх зөрчигдөж байна.
Иргэний орон зай хумигдсаар байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө хийгээд сэтгүүлчдийн аюулгүй байдал дэлхийн бараг бүх бүс нутагт ноцтой доройтож байна.
Институцэд итгэх итгэл, ялангуяа залуу хүмүүсийн дунд замхарсаар байна.
КОВИД-19 цар тахал охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлөл огцом өсөхөд хүргэсэн байна.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих, мөн ялгаварлан гадуурхах үзэл хэрээс хэтэрчээ.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон хүрээлэн буй орчны бохирдол гэсэн гараг дэлхийн маань гуравласан хямралаас улбаатай хүний эрхийн шинэ сорилтууд гарч иржээ.
Харин бид зарим шинэ технологийн ачаар хүний эрхэд нүүрлээд буй эдгээр аюул заналыг дөнгөж ойлгож эхэлж байна.
Энэ бэрх цагт бид, хүний иргэний, соёлын, эдийн засгийн, улс төрийн болон нийгмийн бүхий л эрхийг хамгаална гэсэн амлалтаа дахин сэргээх шаардлагатай байна.
Миний бие 2020 онд санаачилсан Хүний эрхийг хангах тухай уриалга бидэнд тулгараад буй бүхий л сорилтыг даван туулах шийдлүүдийн төвд хүний эрхийг тавьсан байхыг чухалчилсан.
Нийгмийн гэрээг хүний эрхэд тулгуурлан шинэчлэхэд уриалсан энэхүү алсын харааг би Хамтын хөтөлбөрийн тайландаа тусгасан.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсны 75 жилийн энэхүү түүхэн ойгоор бид, бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг нээх ёстой.
Гишүүн орнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудыг би өнөөгийн хохиролд хөтөлсөн чиг хандлагыг өөрчлөх хүчин зүтгэлийнхээ амин зүрхэнд хүний эрхийг тавихад уриалж байна.
Хүний эрх бол хүний эрхэм чанарын суурь бөгөөд энх тайван, хүртээмжтэй, шударга, тэгш эрхтэй, чинээлэг нийгмийн тулгын чулуу билээ.
Хүний эрх бол биднийг нэгтгэх хүч төдийгүй, бурангуй бүхний эсрэг тэмцэх уухайн дуу юм.
Хүний эрх бол хүмүүн бидний нийтлэг чанарын тусгал, хүн нэг бүрд оршдог хамгаас үнэт бүхний илэрхийлэл билээ.
Хүний эрхийн энэ өдөр, бид хүн нэг бүрийн хүний эрхийн төлөө зогсохдоо бүхий л эрхийн түгээмэл бөгөөд хуваагдашгүй чанарыг дахин бататгаж байна.