Хөрс хамгаалал нь оновчтой шийдэл

"Цөлжилтийн гол үр дагавар нь газрын доройтол бөгөөд үүний улмаас газрын хөрс маш ихээр эвдэрч, амь амьдралыг тэтгэх чадвараа алдана гэсэн үг юм." Волкан Бозкир

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкирын нийтлэлийг толилуулж байна. 

“Цөлжилт” гэдэг үгийг сонсоод танд юу бодогдоно вэ? Арвин их тариалангийн талбайг элсэн манхан аажмаар хучиж байх мэт? Сахарын цөл болон Говь цөл, Африк, Азийн нутаг дэвсгэрийг булаан эзэлж байх мэт?  Гол мөрөн, булаг шанд хатаж ширгэж байгаа мэт? Мэдээж эдгээр нь их үзэгдлийн нэгээхэн хэсэг билээ. Гэхдээ цөлжилтийн гол үр дагавар нь газрын доройтол бөгөөд үүний улмаас газрын хөрс маш ихээр эвдэрч, амь амьдралыг тэтгэх чадвараа алдана гэсэн үг юм.

Хөрс бол зөвхөн шороо биш юм. Хөрс эрүүл байж гэмээ нь эх дэлхий маань эрүүл байх нь  зайлшгүй. Бидний хөл доор гишгэгдэн байгаа газарт маань ургамал, амьтад, нүдэнд үл үзэгдэх олон түмэн бичил биетнүүдийн амьдралын далд ертөнц өрнөн байгаа билээ. Чухам эдгээрээс бидний амьдрал ихээхэн хамааралтай.  Тэр бүр хайхраад байдаггүй энэхүү их нөөц баялаг нь хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийг гол тэжээн тэжээгчид юм. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг шингээж зохицуулахаас гадна ургамал, амьтад, хүн төрөлхтний эрч хүчийг хэвээр хадгалахад тус дэм болж өгдөг.

Өнөөгийн байдлаар манай дэлхийн газар нутгийн тавны нэгээс илүү хувь нь, түүний дотор хөдөө аж ахуйн зориулалттай нийт газар нутгийн талаас илүү хувь нь хөрсний доройтолд ороод байна. Жилд 12 сая гаруй га газар нутаг цөлжилт, газрын доройтол, хуурайшилтад нэрвэгдэж байна. Энэ байдал ялангуяа, хөгжиж буй орнуудын амьдрал ядуу, хөдөө орон нутагт оршин суугч 3 тэрбум гаруй хүмүүсийн амьдрал ахуйд маш хүндээр тусч байна. Үүний зэрэгцээ газар нутгийнхаа орчин нөхцөлийг үл хайхарч шууд тариалангийн талбай болгон хувиргаж байгаагаас үүдэлтэйгээр агаар мандалд нүүрсхүчлийн хий болоод азотлог ислийг ялгаруулахад хүргэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, биологийн олон янз байдлыг алдагдуулж, халдварт өвчин дэгдэхэд нөлөөлж байна. Энэ бүхэн нь ундны усны хангамж, амьжиргаанд аюул учруулаад зогсохгүй, байгалийн гамшиг, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах та бидний эрч хүч, чадавхыг эрсдэлд оруулж байна.  

Хэрэв бид одоо л амжиж дорвитой алхам хийхгүй бол нөхцөл байдал улам л уруудах болно. Ирэх 25 жилийн хугацаанд газрын доройтлын уршгаар дэлхийн хүнсний үйлдвэрлэл 12 хувиар буурч, дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөхөд хүргэж болзошгүй юм. Бид хэт тайвшрах юм бол Тогтвортой хөгжлийн зорилгод хэзээ ч хүрч чадахгүй болно.

Гэхдээ найдлага тасрах  болоогүй бөгөөд хамтын хүчээр хийж бүтээх ажил олон байна. КОВИД-19 халдвараас сэргийлэх вакциныг маш хурдтайгаар хөгжүүлж чадсаны нэгэн адил хүсэл зорилго, нөөц бололцоогоо дайчлан гар нийлж хүчээ нэгтгэж чадвал хүн төрөлхтөн гайхамшгийг бүтээж болохыг бид мэдэрсээр байгаа.

2030 он гэхэд 350 сая га доройтсон газар нутгийг нөхөн сэргээх замаар 13-26 гигатонн хүлэмжийн хийг агаар мандлаас цэвэрлэх  боломж бий. Газар нутгийг нөхөн сэргээх чиглэлээр өндөр ур чадвар шаардахгүй, хөдөлмөр ихээр шингээх  төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах нэг ам.доллар тутмаас наад зах нь  9 ам.долларын эдийн засгийн үр ашгийг бүтээх боломж байна. Газар нутгийг нөхөн сэргээснээр  олон салбарт  ногоон ажлын байр бий болгоод зогсохгүй илүү шим тэжээллэг хүнс тариалах, ундны усны аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг устах аюулаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох боломжийг бүрдүүлнэ.

Жимс, хүнсний ногооны найдвартай хангамж үргэлж шаардагдаж байдаг хот суурины оршин суугчид, үзэсгэлэнт далдуу модоор хүрээлэгдсэн тусгай хамгаалалттай газрын наран шарлагын газарт жуулчдад үйлчилж бизнес эрхлэн амьжиргаагаа залгуулж байдаг арлын зочид буудлын эзэд, байгалиас гаралтай эмийн зүйлээс амь амьдрал нь үргэлжийн хамааралтай эмнэлгийн өвчтөнүүд хэн нь ч байлаа гэсэн  нэг л зүйл маш тодорхой байна. Хорвоо ертөнц дээр хэн ч бай, юу ч бай  газартай холбоогүйгээр оршин тогтнох боломжгүй гэсэн ганц үнэн.  

Тэгэхээр та газар шороо, хөрсөө хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Хамгийн энгийн нэг алхам бол хоол хүнсээ хог хаягдал болгохгүй байх явдал юм. Учир нь бидний хаяж буй хоол хүнсийг үйлдвэрлэхийн тулд тариаланчид маань ихээхэн газар ашиглаж тэр хэмжээгээрээ хөрсийг нь ямар ч үр ашиггүйгээр доройтуулсаар байх болно.  Хэрэв та хот суурин газрын оршин суугч бол дээвэр дээрээ ногоон цэцэрлэг, таримал ногоон байгууламж байгуулах зэрэг шинэлэг аргуудыг ашиглан хотоо ногоон болгохын төлөө нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах боломжтой.

НҮБ-ын ажлын нэг чухал хэсэг бол газрын доройтлыг нөхөн сэргээх явдал юм. Ирэх саруудад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай Конвенц (CBD) зэрэг Риогийн гурван Конвенцын хэрэгжилтийг хэлэлцэх томоохон чуулга уулзалтуудыг нэг жилд багтаан анх удаа  зохион байгуулах гэж байна.  Энэ нь байгаль дэлхийнхээ нөхцөл байдал, эрүүл байдлыг хэрхэн сайжруулах, улмаар оршин тогтнолоо хамгаалахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох онцгой боломж юм.

Миний хувьд энэ оны 5-р сарын 20-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх өндөр түвшний чуулга уулзалтыг зохион байгуулна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь өмнөх ололт амжилтдаа тулгуурлан, хамтын хүчин чармайлт шаардлагатай хэсгийг олж тодруулан, Риогийн гурван Конвенцын хэрэгжилтийг хэлэлцэх гурван том чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хурдавчлуулахыг гол зорилгоо болгож байна. Энэ уулзалт бидэнд газрын доройтол бодитой нүүрлэж байгаа бөгөөд нэн хойшлуулшгүйгээр тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулах болно. Түүнчлэн  уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилт гэсэн гурван тусдаа асуудлууд нь өөр хоорондоо ямар нарийн уялдаа холбоотой болохыг ойлгуулах болно. Үүгээрээ дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг илэрхийлэх болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын гишүүн 193 улс орон бүгд адил тэгш оролцоотой цорын ганц байгууллага юм. Иймээс хил хязгаарт баригдалгүй, бид бүгд нийтэд хамаатай асуудлыг шийдвэрлэх үүнээс илүү сайн газар гэж үгүй билээ. Бидний оршин буй эх дэлхийтэй маань холбоотой, бидний амь амьдралыг тэтгэгч хөрст алтан дэлхийнхээ төлөө цаг алдах эрх бидэнд үгүй юм. Өндөр түвшний чуулга уулзалт хийснээр нэг шөнийн дотор байдлыг сайжруулж чадахгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ бид бүгдээрээ санал нэгдэж, шилдэг туршлагаа хуваалцаж, бодит алхмуудыг хамтдаа тодорхойлсноор нэгдсэн нэг зорилгын төлөө өөрчлөлт хийж чадна. Эцсийн эцэст бид цөлжилт, газрын доройтол, хуурайшилт даамжрахаас өрсөж сэргийлэх том алхамыг чхийж чадна – үүнээс өөр сонголт үгүй. Үүний тулд бид хамтарч ажиллах нь нэн чухал. Бид урьдын хэвшсэн зарим дадал зуршлаа ч өөрчлөх хэрэгтэй. Таны дэмжлэг НҮБ-д тун чухал гэдэгт миний бие маш итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу: www.un.org/pga/75/event/high-level-dialogue-on-desertification-land-degradation-and-drought/

 

Нийтлэлийг бичсэн
Зохиогч
Д. Соёлмаа
Мэдээлэл харилцааны ажилтан
НҮБ-ын СЗГ
Soyolmaa
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Энэхүү санаачилгад хамрагдсан бусад байгууллагууд
MNG MoET
Mongolia Ministry of Environment and Tourism