Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх хүчирхийлэл нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан хүний эрхийн зөрчлийн нэг бөгөөд Монгол Улсад ч өөрцгүй байна.
Технологийн дэвшил нь боломжуудыг нээхийн зэрэгцээ аюул эрсдлийг ч дагуулж байна. Инноваци нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүчирхэг зэвсэг болдог ч хор хөнөөл учруулах шинэ орон зайг бий болгож байна. Технологи ашиглан үйлдэгдэх жендэрт суурилсан хүчирхийлэл ноцтой хор хөнөөл дагуулж, улмаар цахим орчин нь дарамт, хүчирхийлэл үйлдэгдэх орон зай болон хувирч байна.
Дэлхийн хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 38 хувь нь онлайн хүчирхийлэлд өртсөн бөгөөд өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн хүчирхийлэлд хамгийн өртөмтгий байна.
Монгол залуучуудын 51.3 хувь нь цахимаар доромжлуулах зэргээр цахим дээрэлхэлтэд өртсөн болохыг НҮБХХ-ийн 2024 оны тайлан харуулж байна. Үүний зэрэгцээ хүүхдийн цахим аюулгүй байдлын талаарх 2020 оны судалгаагаар нийт хүүхдийн 33 хувь нь цахим орчинд садар самуун зураг, бичлэг зэрэг зохисгүй контенттой таарч байсан байна.
Мөн улс төрчид, сэтгүүлчид, нийгмийн идэвхтэнүүд зэрэг олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэд ихээр өртөж байна. Худал мэдээлэл түгээх, бусдыг гүтгэх, үзэн ядсан үг хэллэг зэрэг нь цахим хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр юм.
Технологи ашиглан үйлдэгдэх жендэрт суурилсан хүчирхийллээс үр дүнтэй урьдчилан сэргийлж, зохих хариу арга хэмжээ авахын тулд суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Жендэрийн цахим хуваагдал оршсоор байна. Тодруулбал, охид, эмэгтэйчүүдийн цахим ур чадвар эзэмших боломж хязгаарлагдмал бөгөөд технологид ашиглан үйлдэгдэх хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт нь сул байна. Цахим орчны аюулгүй байдлын талаарх ойлголтыг боловсролын системд нэвтрүүлэхээс гадна эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байна.
Хохирогчийг буруутгах хандлага нь цахим орчин дахь хүчирхийллийг мэдээлэхэд саад болдог тул энэхүү хор хөнөөлтэй нийгмийн хэвшмэл ойлголтыг халах шаардлагатай.
Үүний зэрэгцээ, хууль сахиулах ажиллагаа хангалттгүй, тухайлбал мөрдөн байцаалтын шатанд учирч буй бэрхшээл, мөн технологийн хүчин чадал хангалтгүй зэргээс гэмт этгээд ихэнхдээ хариуцлагаас мултарч үлдэж байна.
Тиймээс бид бүх нийтээрээ технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй дараах байдлаар тэмцэхэд НЭГДЭХИЙГ уриалж байна.
- Цахим орчны аюулгүй байдлыг хангахад бүх хүчээ нэгтгэе!
- Даван туулагчдыг дэмжье. Тэднийг хэзээ ч бүү буруутга. Даван туулагчдад зориулсан жендэрийн мэдрэмжтэй, хүүхдэд ээлтэй тусламж, үйлчилгээгээ сайжруулъя.
- Гэмт этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэе.
- Төр, засгийн зүгээс технологи ашиглан үйлдэж буй хүчирхийллийн бүхий л хэлбэрт, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бий болгоё!
- Технологийн компаниуд аюулгүй, ил тод, хариуцлагатай цахим платформуудыг бий болгоход манлайлах ёстой.
Эцэст нь Монгол Улс зохих хууль эрхзүйн шинэчлэл хийх замаар ЖСХ-тэй тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа бэхжүүлж буйд НҮБ-ын зүгээс сайшааж байна. Гэвч, шинэ тутам бий болж буй технологи ашиглан үйлдэгдэх хүчирхийлэл анхаарлын гадуур үлдэж, улмаар охид, эмэгтэйчүүдэд эрсдэл учруулж байна. Бид хамтдаа цахим төдийгүй ямар ч орчин нөхцөлд жендэрт суурилсан хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсоох ёстой.