Монгол орны газар нутгийн 60 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас мэдээллээ.
Зундаа ихэнх нутгаар хуурай гантай, өвөлдөө цас их орсноос өвөлжилт хүндэрч, мал сүрэг ихээр хорогдож, малчдын амьжиргаанд хүндээр тусах эрсдэл өндөр байна.
Иймд Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дордуулахгүйн тулд эртнээс арга хэмжээ авахад уриалжээ.
“Эмзэг бүлгийн хүмүүст учирч болзошгүй аливаа хямрал, гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулдурьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авах нь нэн чухал” гэж Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн байгууллагуудаас бүрдсэн Монгол дахь Хүмүүнлэгийн багаас зохион байгуулсан уулзалт дээр хэлсэн юм.
Тэрбээр цааш нь “Иймд, Хүмүүнлэгийн баг нь үйл ажиллагаагаа нягт уялдуулан, Засгийн газрын удирдлага дор зудын эрсдлээс сэргийлэх, зудад нэрвэгдсэн өрхөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу зудыг аль болох хохирол багатай даван туулахад дэм болох хөрөнгө нөөцийг Хүмүүнлэгийн баг дайчлан ажиллаж байна. Тухайлбал, зудад хамгийн ихээр өртөх магадлалтай эмзэг бүлгийн малчин өрхөд малын тэжээл өгөх, бэлэн мөнгөн дэмжлэг үзүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг яаралтай хүргэх чухал юм.
Монгол Улсын Засгийн газрынхийсэн шинжилгээнээс үзэхэд зудын энэхүү хүнд нөхцөл байдал цар тахал болон олон улсын хямралаас үүдэлтэй эдийн засгийн сорилт, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон түлшний үнийн өсөлтөөр даамжирсаар олон мянган малчин өрх өвөл, хаврыг эрсдэл багатай давахад улам бэрх болгож байна.
Хүмүүнлэгийн багийн хувьд шаардлагатай хөрөнгө нөөцийг дайчлан, Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Түүнчлэн, Хүмүүнлэгийн баг нь байгалийн гамшиг болон хүмүүнлэгийн хямралаас үүдэлтэй цочролыг даван туулах малчдын чадавхыг бэхжүүлэх замаар аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг чухалчилдаг.
Зудын эрсдэлийн төлөв 2022 – 2023: 2023 оны 1-р сарын 18-ны байдал, ХҮХЗГ (OCHA) - Microsoft Power BI)