Хэвлэлийн мэдээ

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “НҮБ-ын 7 хоног” эхэллээ

2021 оны аравдугаар сарын 20

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын системийн байгууллагууд хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж буйг энэ сарын 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлаар зарлалаа.

Уг хэвлэлийн бага хурал дээр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монголын ард түмэнд хандан Монгол Улс НҮБ-д элсэж, бүрэн эрхт гишүүн болсны түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Press Conference
Тайлбар: НҮБ-ын 7 хоногт зориулсан Хэвлэлийн бага хурал, ГХЯ
Зургийг: © ГХЯ

Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон өргөжсөнийг тэрбээр цохон тэмдэглэв.

“Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний ​​эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буйд баяртай байна” гэв ноён Мишра хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр цааш нь, “Тус улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн зүгээс Монгол Улсын хөгжлийг тогтвортой, хүртээмжтэйгээр хурдасгахын тулд дараагийн 60 жилд ч хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг эрмэлзэх болно” гэв.

 Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой - НҮБ-ын 7 хоногийн нээлт - Ойн нөхөн сэргээлт
Тайлбар: НҮБ-ын 7 хоногийг мод тарих үйлсээр эхлүүллээ
Зургийг: © НҮБ-ын СЗГ

Өнөөдөр болсон НҮБ-ын 7 хоногийн нээлтийг Улаанбаатар хотоос 15 км зайд орших Баянзүрх хайрханы энгэрт доройтсон ойг нөхөн сэргээх мод тарих хүндтэй үйлсээр эхлүүлсэн бөгөөд уг үйл ажиллагааг Гадаад харилцааны сайд Б. Мөнхжин нээж үг хэлэв. Тэрбээр, цөлжилт, газрын доройтлыг сааруулах хамгийн үр дүнтэй арга зам бол мод тарих явдал юм гэдгийг хэлсэн үгэндээ онцлон дурьдлаа.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд ГХЯ, НҮБ-ын хамт олноос гадна БОАЖЯ болон Нийслэлийн Байгаль Орчны газрын төлөөлөгчид, мөн ахмад дипломатууд оролцов.

НҮБ-ын 7 хоногийг мод тарих үйлсээр эхлүүлж байгаа нь мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөг даван туулахад хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөнийг дэмжсэн явдал боллоо.

Tapan Mishra and Deputy Minister B. Munkhjin
Тайлбар: ГХ-ны дэд сайд Б. Мөнхжин, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар
Зургийг: © UNRCO
Tree planting at Mt. Bayanzurkh
Тайлбар: Мод тарих ёслолд оролцогчид
Зургийг: © НҮБ-ын СЗГ
Тайлбар: Ахмад дипломатууд мод тарих үйлсэд нэгдлээ
Зургийг: © UNRCO
Tree planting MN@UN
Тайлбар: МУ НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд Баянзүрх уулын бэлд доройтсон 1 га газрыг нөхөн сэргээж мод тарьлаа
Зургийг: © UN RCO

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Эдүгээ бид 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 11 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улстай хамтран ажилладаг.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээний хөтөлбөр

/2021 оны 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд/

“НҮБ-ын 7 хоног” арга хэмжээний нээлт: “Мод тарих” ёслол

10 дугаар сарын 20 Лхагва гараг

10:00 – 12:00 цагт* 

“НҮБ-д элссэн түүхэн үйл явц” номын нээлт

10:00 – 11:00 цагт

ГХЯ, “Зөвшилцөл” танхим

Гэрэл зургийн үзэсгэлэн, Гэрэл зургийн цомгийн нээлт

10 дугаар сарын 21 Пүрэв гараг

15:00 – 16:00 цагт

ГХЯ, “Мутрын түшээ” танхим

 “Загвар НҮБ” хуралдаан

Нээлт – 09:00 цагт,  МУИС-ийн I байр

10 дугаар сарын 22 Баасан-

Хаалт – 16:25 цагт, МУИС-ийн Номын сангийн байр

10 дугаар сарын 23, Бямба гараг

 “Алтан аргамж” нэвтрүүлгийн эхний дугаар олон нийтэд хүрнэ

10 дугаар сарын 24, Ням гараг

19:20 – 20:00 цагт

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг

Эрдэм шинжилгээний хурал

10 дугаар сарын 25, Даваа гараг

09:00 – 12:00 цагт

ГХЯ, “Зөвшилцөл” танхим

Шуудангийн маркны нээлт

10:00 – 11:00 цагт

ГХЯ, “Номин” танхим

Гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол

10 дугаар сарын 26, Мягмар гараг

15:00 – 16:00 цагт

ГХЯ, Ёслол хүндэтгэлийн өргөөний “101” тоот танхим

“Баримтат кино” олон нийтэд хүрнэ

10 дугаар сарын 27, Лхагва гараг

20:30 – 21:00 цагт

МҮОНРТ-ийн 1 дүгээр суваг

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд