Сургуулийн орчинд эрсдэлийг бууруулах нь: Монголын сургуулиудын гамшгийн менежментийг сайжруулах, хүүхэд залуучуудын гамшгийн эрсдэл даах чадавхыг бэхжүүлэхэд сургах нь нэн чухал
Монгол Улсын хүүхэд залуучуудыг аливаа гамшгийн эрсдэлээс хамгаалж, сургуулийн аюулгүй орчныг хангах, хүүхэд залуучуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нь чухал
Энэ долоо хоногт буюу 10 дугаар сарын 13-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” (International Day for Disaster Risk Reduction (IDDRR) 2024) тохиож байгаатай холбоотой Гамшгийг бууруулах чадавхын санаачилгын түншлэл (CADRI Partnership)-ээс гамшгаас ангид ирээдүйн төлөө Монголын хүүхэд залуучуудыг аливаа гамшгийн эрсдэлээс хамгаалж, чадавхжуулахад сургуулийн аюулгүй орчин, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол нэн чухал үүрэгтэй гэдгийг онцолж байна.
Сургуулийн орчинд нүүрлэх эрсдэлээс сэргийлэх нь
Монгол орны өргөн уудам, хад чулуурхаг бартаат газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоцоороо онцлогтой ч уур амьсгалын хувьд эрс тэс улс орны нэг буюу дэлхийн хамгийн хахир хатуу өвөлтэй орон гэдгийг харуулдаг. Өвлийн тэсгим хүйтэн уур амьсгал, зузаан цасан бүрхүүл тогтож, мөстөж хөлдсөний улмаар зуд нүүрлэж, мал сүрэг олноороо осгож үхэх нөхцлийг бий болгодог. Улмаар, уламжлалт мал аж ахуй эрхэлж буймалчдын амьжиргаанд ихээхэн хохирол учирдаг. Гэвч зудтай өвлийн энэ хахир хатуу нөлөө нь малчдын хүүхдүүдэд хамгийн хүндээр тусдаг.
Орон нутгийн замууд цасанд боогдон, мөстсөний улмаас хөдөөгийн хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадахгүй, малчид эрүүл мэнд, хүнс, хамгааллын гол үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Ийм хүнд нөхцөлд ялангуяа зудад өртсөн малчин өрхийн хувьд хэцүүхэн шийдвэр гаргахаас өөр замгүй. Тэд том хүүхдүүдээ гэр орны ажилд туслуулахаар гэртээ үлдээж, бага насны хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулахын тулд сумын төвд сургуулийн дотуур байр эсвэл төрөл садангийндаа суулгадаг. Гэтэл энэ нь хүүхэд хамгааллын хувьд ч эрсдэлтэй төдийгүй хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн дарамт, хямралыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Монголд зуднаас гадна хүчтэй ба шар шороон шуурга, ган, үер ус, түймэр, газар хөдлөх гээд байгалийн гамшигт үзэгдэл болох нь элбэг.
Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг 17 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг бөгөөд тэдний гамшигт өртөмхий эмзэг байдал нь анхаарал хандуулах асуудлын нэг юм. Өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтын орчин ч хангалтгүй байна. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, эрсдэлийг бууруулах үндэсний стратегид хүүхэд болон бусад эмзэг бүлгийн тодорхой хэрэгцээг тусгайлан авч үзэж, тодорхойлсон байх шаардлагатай. Эрсдэлийн цогц удирдлага бүхий боловсролын тогтолцоог бий болгох нь зөвхөн гамшгийн үед хүүхдүүдийг хамгаалаад зогсохгүй аливаа гамшиг ослын эрс тэс нөхцөлд тэдний суралцах нөхцлийг тасралтгүй хангахад нэн ач холбогдолтой.
Аюулгүй сургуульд хүүхдийн аюулгүй байдал хангагдана
Монгол орны сургуулиудын аюулгүй байдал, тэдгээрийн үүргийг ялангуяа газар хөдлөлтөнд хэр тэсвэртэй байдлаар бодитоор үнэлж тогтоох чухал юм. Учир нь сургуулийн барилга байгууламж энгийн тайван үед сурч боловсрох орчин болдог бол харин онцгой нөхцөл байдлын үед хүн ам иргэдийг нүүлгэн шилжүүлж байрлуулах гол төв гэсэн хоёр чухал үүрэгтэй. Иймд сургуулийн барилга байгууламжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал хэр их чухал болох нь энд харагдаж байна.
Сүүлийн үед сургууль, эмнэлгийн барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварт тавигддаг шаардлагуудыг чангатгасан нь илүү бат бөх сайн дэд бүтэц бий болгох үүрэг зүй ёсоор тавигдахад хүргэж байна. 2016-2019 оны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 199 нийтийн барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байна. 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 3 сургуулийн барилгад шаардлагын хүрээнд засвар хийх шаардлагатайг тогтоосон байна.
Улаанбаатар хотод 2023 оны 5 дугаар сард сургууль, иргэд олон нийтийг хамруулан газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хийх санаачилгыг төр засгийн зүгээс гаргасан нь бэлэн байдлыг хангахад төр засаг хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байна. Газар хөдлөлтөнд барилга байгууламжийн эмзэг байдлын талаар мэдээлэл ойлголт бий болгож байгаа ч, салбарын стратеги бодлогод гамшгийн эрсдэлийг бууруулах гэхээсээ үйлчилгээ үзүүлэх газар гэдэгт илүү анхаарч байна. Гарч буй сорилт хүндрэлийг шийдэхэд сургалт боловсролын салбарын төлөвлөгөө хөтөлбөрт барилга байгууламжийн бат бөх байдал, эрсдэл даах чадварт нэн тэргүүнд анхаарч, өнөөгийн болон цаашид гарч болох эрсдэлийн дүр зургуудад үндэслэн нэн тэргүүнд авах арга хэмжээг тодорхойлох нь чухал.
Хүүхэд бүр ялангуяа сургуулийн орчинд аливаа гамшиг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан байх ёстой. Аливаа гамшиг эрсдэлд тэсвэртэй сургуулийн дэд бүтэц орчинд хөрөнгө оруулалт хийх нь өнөөгийн шаардлага болоод зогсохгүй Монголын хүүхэд, иргэд олон нийтийн ирээдүйн аюулгүй байдал, сайн сайхан байдалд оруулж буй хөрөнгө оруулалт юм.
Мэдлэгээ хэрэгжүүлэх нь
“Өнөөдрийн гаргаж буй шийдвэр маргаашийн гамшгийн нөхцлийг тодорхойлно. Тэгэхээр бид ирээдүй хойч үеийнхээ өмнө цаашид учирч болох гамшгийн эрсдэлийг бууруулах талаар тэднийг чадавхижуулах үүрэг хүлээх ёстой.” НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Паула Албрито
Гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгохын тулд бид аливаа гамшиг эрсдэлийн үед залуучуудыг өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр орчмын хүмүүсийг хамгаалах талаар мэдлэг, чадвартай болгох ёстой. 2021-2025 онуудад Монгол улс Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ОБЕГ-аас иргэд болон сургуулиудыг хамруулсан сургалтын хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлсэн нь сайшаалтай. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүртэл аюулгүй амьдрах ухааны арга барилд сургаж байгаа нь Боловсролын салбар дахь гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэл даах чадварын дэлхийн холбооны 2022-2030 онд баримталж буй Сургуулийн аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо (Comprehensive School Safety Framework 2022–2030)-ны баримт бичгийн тулгуур асуудал 3 (Эрсдэлийг бууруулах, эрсдэл даах чадварын боловсрол)-тай уялдаж байна.
Монгол улс юуны өмнө сургуулийн орчны аюулгүй байдал, бэлэн байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж байгаа нь залуучуудын аливаа эрсдэлийн талаар ойлголт мэдлэг, хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх төдийгүй тэднийг гамшгаас сэргийлэх эерэг өөрчлөлтийг бий болгох манлайлагчид болгож байна.
Гамшгаас ангид ирээдүйн төлөөх манлайлагчид
“Гамшиг, хямралын үед зөвхөн зохих хариу арга хэмжээ авах чадвартай байхаас гадна бэлэн байдлыг хангах замаар хүүхэд залуучуудын эрсдэл даах чадварыг бий болгох нь нэн чухал.” Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра
Бид 2024 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-өөр Монгол Улс хүүхэд залуучуудынхаа аюулгүй, гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий ирээдүйг бий болгохын төлөө нэлээд их хүч чармайлт гаргаж буй сайшааж байна. Гэхдээ илүү ихийг хийх шаардлагатай ч онцлон тэмдэглэж байна. Иймд Сургуулийн аюулгүй байдлын нэгдсэн тогтолцооны хүрээн дэх зорилгуудыг урагш ахиулахын тулд Монгол Улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулахыг нэн тэргүүнд тавьж, хүүхэд болон эмзэгт өртөмхий бүлгүүдийн өвөрмөц хэрэгцээнд чиглэсэн бодлого, тогтолцоог боловсронгуй болгох нь чухал юм. Монгол Улс дэд бүтцээ бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах сургалт, иргэд олон нийтийн оролцоонд чиглэсэн зорилтод хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр цаашид сургуулиудыг аюулгүй найдвартай хамгаалалт бүхий суралцах орчин болгон өөрчилж чадна.
Ийнхүү, Монгол Улс зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй, эрсдэлийг сэргийлэх чадавхтай шинэ үеийг төлөвшүүлж, чадавхижуулах болно. Улмаар, Монгол хүүхэд бүр эрсдэлээс ангид аюулгүй орчинд өсөж, хөгжих боломжтой ирээдүйг бид хамтдаа бүтээж чадна.
Монгол Улсын Гамшгийн үеийн чадавхийг үнэлсэн дүн шинжилгээний тайлан, бодлого боловсруулагчдад зориулсан эмхэтгэлийн бүрэн эхийг Монгол Улсын Засгийн газар 2024 оны 10 дугаар сарын сүүл гэхэд батлан ирүүлсэний дараа Англи болон Монгол хэлээр cadri.net-д байрлуулах болно.
CADRI Partnership-ийн Ажлын албаны Хөтөлбөрийн зохицуулагч Ребекка Смит
Анх Medium-д нийтэлснийг монгол хэл рүү хөрвүүлэн нийтлэв.