Тапан Мишра: Бид нийгмээрээ хүчирхийлэл дарамтыг үл тэвчих соёлыг бий болгох ёстой
[Өдрийн сонин] НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишратай ярилцлаа.
-Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар таны байр суурийг уншигчдадаа хуваалцмаар байна. Төрөөс хүний эрхийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Хүний эрхийг хамгаалах асуудал бол бидний үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэ нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурь үндэс юм. Монгол Улсад хүний эрхийг хамгаалахыг хөхиүлэн дэмжихийн төлөө бид үргэлж чармайж байдгаа дахин илэрхийлэх завшаан тохиосонд би тун баяртай байна.
Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаад миний бие талархалтай байдаг. Хамгийн сүүлийн үеийн томоохон ажил бол Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар бүс нутагтаа Монгол Улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хуулиар хамгаалдаг анхны улс болж байна.
Хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ НҮБ-ын гишүүн орнууд хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх “Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэг (UPR)”-ийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс зохион байгуулдаг билээ. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт Хүний эрхийн төлөв байдлын үндэсний тайлангаа боловсруулан гурван удаа буюу 2010, 2015, 2020 онуудад оролцсон юм.
Энэ завшааныг ашиглан дээрх тайлангуудад тэмдэглэсэн олон сайн жишээ, туршлагаас энд онцолмоор байна. Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг түдгэлзүүлэх, халах тухай шийдвэр гаргасан. Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулсанаар өнөөг хүртэл хараат бусаар ажиллаж, Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч байгааг уг тайланд сайшаасан. Жендэрийн тэгш байдлыг хангаж, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг устгах чиглэлээр ахиц гарган, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудыг тус тус баталлаа. Өнгөрсөн онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох зэрэг олон жишээг дурдахдаа таатай байна.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлангийн дүнг Хүний эрхийн зөвлөл 2021 оны гуравдугаар сард баталж, дэлхийн бусад улс орноос Монгол Улсад хандаж 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Эдгээр зөвлөмж нь гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх болж байгаа хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, залуучууд зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлэхэд анхаарахад чиглэсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, мөлжлөг, бэлгийн дарамт, эрх мэдлээ урвуулан ашиглахыг устгаж, хохирогч, хүчирхийллийг даван туулагч, гэрчийг дэмжих талаар дорвитой алхам хийхийг зөвлөсөн. Мөн Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжоо яаралтай шинэчлэн, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хууль тогтоомжоор хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулахыг зөвлөмж болгосон.
-Та сая бэлгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой асуудлын талаар ярилаа. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний эрхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж, олон нийтээрээ шүүмжлэн хэлэлцэж байгааг та анзаарсан байх. Тухайлбал, цэргийн ангиуд дээр болсон явдал байна. Бас бэлгийн болон бусад төрлийн дарамт үзүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг асуудлууд байгаа. Энэ асуудалд НҮБ ямар байр суурьтай байна вэ?
-Тийм ээ, Монголын нийгэмд өрнөж буй үйл явдлыг бид маш анхааралтай ажиглаж байна. НҮБ-аас хүчирхийллийг “үл тэвчих” бодлогыг баримталдаг бөгөөд гэр бүл, олон нийтийн газар, ажлын байр, ер нь хаана ч бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, тэр дундаа бэлгийн дарамт, эрх мэдлээ урвуулан ашиглах байдлыг эрс буруушааж байдгийг дахин хэлье. Энэхүү жигшүүрт үзэгдлийг таслан зогсоохын төлөө НҮБ дараах дөрвөн чиглэлийн стратегийг баримталж ажилладаг. Нэгдүгээрт, хохирогчийн эрх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах, хоёрдугаарт, мэдээлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааг бэхжүүлэх замаар гэмт этгээдэд ял завших боломж олгохгүй байх, гуравдугаарт, гишүүн орнууд, иргэний нийгэм, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, дөрөвдүгээрт, мэдээлэл харилцаа, боловсрол, ил тод байдлыг хангахад чиглүүлэх зэрэг болно.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Төрийн захиргааны байгууллагуудын ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар хийсэн 2018 оны судалгаанаас харахад нийт хохирогчдын 98 хувь нь эмэгтэйчүүд байсан.
Түүнчлэн 2021 онд дээрх хоёр байгууллага хамтран 3000 төрийн захиргааны албан хаагчдын дунд явуулсан судалгааны дүнг харахад судалгаанд оролцогсдын гуравны нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байсан байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн бөгөөд хүлээн зөвшөөрөхийн аргагүй асуудал юм.
-Тэгэхлээр хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохын тулд бид юу хийх ёстой вэ. Цаашид хүний эрхийн ийм зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүний эрхийг ноцтой зөрчсөн ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн хүчтэй нөлөөллийн ажил, сурталчилгаа хийх шаардлагатай гэж харж байна. Хүн амын дунд бэлгийн хүчирхийлэл, дарамт гэж юу болох талаар ойлголтын маш их зөрүү байгаа нь ажиглагдаж байна. Ойлголт тодорхойлолт ялгаатай бүрхэг байх тусам үзэгдлийн зааг ялгаа бүдгэрч байдаг. Жишээ нь, бэлгийн “дарамт” гэдгийг ихэвчлэн жендэрт суурилсан “хүчирхийлэл” гэж үзэж байна. Тийм ч учраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид хүчирхийлэл, дарамт шахалтыг “нэг удаа, эсвэл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэлзүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсвэл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсвэл заналхийлэл” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь үнэндээ бие махбодын хүчирхийлэл, хэл амаар доромжлох, дээрэлхэх, танхайрах, бэлгийн дарамт үзүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх гэх мэт бусад олон асуудлыг хамруулж байна.
Бид нийгмээрээ хүчирхийлэл дарамтыг үл тэвчих соёлыг бий болгох ёстой.
Үүнийг ч Монголын олон нийт улам бүр ойлгон ухамсарлаж, зохих арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж байгаад бид талархалтай байна. Байгууллагууд ч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөтэй байж зайлшгүй шаардлагатай сургалт, сурталчилгааны кампанит ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй.
Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьж мэдээлэх нь маш хүнд, эмзэг сэдэв төдийгүй сэтгэлийн хүнд шархыг дахин сэдрээдэг учир хохирогчид нийгэм, систем тэднийг элдэв өшөө авалт, учирч болзошгүй хор хөнөөлөөс хамгаална, тэдний нэхэмжлэлийг хуулийн дагуу зохих ёсоор нь шалгаж шийдвэрлэнэ гэдэгт итгэж чаддаг байх ёстой. Иймээс ч хохирогчийн гаргасан гомдлыг аюулгүй, үр дүнтэй хянан шийдвэрлэх тогтолцоог төр, хувийн хэвшил зэрэг бүхий л салбарт бий болгох нь нэн чухал юм. Түүнчлэн хохирогчид, даван туулагчдаас мэдээлэл хайж тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахын оронд гэмт этгээдүүдийг олж илрүүлэх, шударгаар нотлох тал дээр илүү нухацтай ажиллаж, дорвитой өөрчлөлт хийх ёстой.
Засгийн газар хүчирхийлэл үйлдэгчдэд чиглэсэн хууль сахиулах ажиллагаагаа эрс сайжруулж, хохирогч, хүчирхийлэгч нь хэн болохоос үл хамааран сэжиг бүхий хэргүүдийг нарийвчлан шалгаж, зохих арга хэмжээг шуурхай авч байх хэрэгтэй.
Ил гарч буй эмэгтэйчүүдийг хамгаалж, тэднийг хэвшмэл ойлголт, гутаан доромжлолоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Засгийн газрын хохирогч хамгаалах үйлчилгээнд хүмүүс бүрэн итгэдэг орчныг бид бий болгох ёстой. Засгийн газар дарамт, хүчирхийллийн хохирогчдод нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах шаардлагатай байна.
-Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын үүрэг, оролцоо юу вэ?
-НҮБ нь энэ чиглэлээр олон ажил хийж ирсэн. Чухамдаа бидний үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн байдаг. Гэсэн хэдий ч бид илүү их зүйлийг хийж охид, эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүнлэг бус үйлдлийг таслан зогсоохын төлөө Засгийн газар болон бүх түншүүдтэйгээ хүчээ нэгтгэх ёстой.
Олон жилийн турш НҮБ-ын системийн байгууллагууд жендерийн эрх тэгш байдлыг хангах, Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нөлөөлөл сурталчилгааны ажил хийж ирсэн. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн нь энэ талаар бодитой тоо мэдээлэлтэй болж, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр ажлын дийлэнх нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид амьдрах эрхийг хамгаалсан бодлогын орчин бүрдүүлэхэд чиглэж, улмаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгон, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг боллоо. Түүнчлэн бид бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулж, 2008 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, туслах үйлчилгээ үзүүлж байна. Мөн тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, квот тогтоох замаар нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн тав дахь буюу жендерийн тэгш байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.
Эцэст нь, бид Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх чиглэлээр гурван талт түншүүд болох Засгийн газар, ажил олгогч, ажилчдын байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс хэдийгээр ОУХБ-ын 190-р конвенцод нэгдэж ороогүй байгаа ч хөдөлмөрийн хуулиа энэхүү конвенцын үзэл санаанд нийцүүлэхийг зөвлөсөн байгаа. Конвенц нь хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, жендерийн мэдрэмжтэй цогц, хүртээмжтэй хандлага, соёлыг бий болгоход сургалт, арга зүйгээр хангахын чухлыг тэмдэглэсэн болно. Монгол Улсын Их Хурал Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хаврын чуулгандаа багтаагаад батална гэдэгт найдаж байна.
Энэ дашрамд хэлэхэд НҮБ-ын зүгээс Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг сурталчлах, хэрэгжүүлэх, түүнд нэгдэн ороход бүх талын дэмжлэг үзүүлэхдээ бэлэн байгаагаа илэрхийлье.
О. Ариунцэцэг
Энэхүү ярилцлага анх Өдрийн сонины 2021 оны 4 сарын 26-ны дугаарт нийтлэгдсэн болно.