Хатагтай ноёд, эрхэм сэтгүүлчид, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид ээ,
Хууль зүй, дотоод хэргийн яам, Глоб Интернэшнл болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын эрхэм нөхдөө,
Өнөөдрийн энэхүү чухал арга хэмжээнд урьсан явдалд та бүхэнд талархлаа илэрхийлье. Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын эрхэм нөхдийн хамтаар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол бид бүхний баярын өдөр төдийгүй дэлхий дахинаа ардчиллын гол цөм болсон хүний суурь эрхийг хангах үүрэг амлалтаа бататгах учиртай өдөр юм.
Иймд, өнөөдрийн арга хэмжээг ХЗДХЯ-тай хамтран зохион байгуулж байгаад талархаж байна. Бид ардчиллыг хамгаалж, нийтийн мэдэх эрхийг хангах, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой. Гэвч энэхүү эрх чөлөө, эрх мэдэл нь хэвлэл мэдээллийг илүү их хариуцлагатай байхыг сануулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, агаарын бохирдол гэсэн гараг дэлхийн гуравласан хямралыг туулж буй бидний хувьд энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн ач холбогдол урьд урьдынхаас илүү өндөр болж байна. Өнгөрсөн өвөл бид аюулын харанга дэлдсэн агаарын бохирдол, олон сая толгой мал хорогдож, малчдын амьжиргааг дордуулсан хүндхэн зудтай хатуу ширүүн өвлийг даван тууллаа.
Энэ бүх байгалийн хямралын үед хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үүрэг, түүнчлэн баталгаатай мэдээлэл түгээх үйл хэрэг хамгаас чухал билээ. Хараат бус сэтгүүлчид болон идэвхтнүүд нь ташаа мэдээлэл хийгээд байгаль орчны доройтлын эсрэг тэмцэлд ажиглагч төдий бус, чухал үүрэгтэй оролцогчид юм.
Монголын хэвлэл мэдээллийн олон байгууллага, хичээнгүй тууштай сэтгүүлчид байгаль орчны шударга ёсыг эрэлхийлж, буруутай үйл ажиллагааг эрэн сурвалжилж, авлига завхралыг илчилж, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшигт хамгийн ихээр өртөж буй хүмүүсийн дуу хоолой болсоор байна.
Гэсэн хэдий ч сэтгүүлчид бид бие махбодын, эдийн засгийн болон цахим аюул заналхийллийн эрсдэлтэй тулгарсаар байна. Гэхдээ эдгээр сорилтуудын дунд олон боломж ч харагдаж байна. Бид хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа болон манлайлалд түшиглэн гараг дэлхийгээ хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд оролцоход нь иргэд, олон нийтийг мэдлэгжүүлж, чадавхжуулахын тулд байгаль орчны асуудлыг шинжлэх ухаанчаар хөнддөг сэтгүүл зүйг хөгжүүлж, хамгаалах ёстой.
Төгсгөлд нь хэлэхэд, дэлхий нийтийн анхаарлыг төвд буй нэгэн чухал арга хэмжээг энд онцолмоор байна. Энэ оны 9-р сард Нью-Йорк хотноо Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт зохион байгуулагдана.
Уг чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүдийн нэг хэвлэлийнхэнд ойрхон сэдэв болох дижиталчлалын шинэ чиг хандлага, хиймэл оюуныг хэрхэн хөгжлийн хөшүүрэг болгох тухай хэлэлцэнэ. Мөн цахим орчин дахь мэдээллийн баталгаатай байдлыг хэлэлцэж, нийгмийн сайн сайхан байдалд аюул заналхийлсээр буй ташаа болон худал мэдээлэл, үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэх Ёс зүйн дүрмийг санал болгоно. Энэ талаар та бүхэнд цаг тухайд нь мэдээлэл хүргэх болно.
Урилга ирүүлсэн та бүхэндээ дахин баярлалаа. Жил бүрийн энэ онцгой өдөр та бүхэнтэйгээ уулзахдаа ямагт баярладаг. Нийтийн ашиг сонирхлын төлөөх энэхүү үйл хэргээ улам зоригтой үргэлжлүүлээрэй. НҮБ-ын зүгээс мөн бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе!
Баярлалаа.