“Эрсдэл ба Стандарт” Эрсдэлийн Үндэсний форум
2023 оны арван нэгдүгээр сарын 21
Монгол Улс аливаа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хүн ам, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахад стандартыг дагаж мөрдөхөд ихээхэн ач холбогдол өгч байна.
Улаанбаатар, Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр – Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор зохион байгуулагдаж буй Эрсдэлийн үндэсний форумд оролцож буй 1500 гаруй төлөөлөгчид гамшиг эрсдэлийг бууруулахад стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх замаар байгаль цаг уурын болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замууд, шийдлийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд ирүүлсэн илгээлтдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, даван туулах чадавхыг бэхжүүлэх нь үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Шадар сайд эрсдэлийн удирдлагад стандартыг баримтлах нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр, стандарт алдагдаж буй газар ямагт аюулын харанга дэлдэж, хөгжилд саад учруулж байдгийг анхааруулав.
Монгол Улсад 1990 оны үетэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс улбаалсан байгалийн гамшигт үзэгдлүүд, тухайлбал зудын давтамж гурав дахин өссөн. 2015 оноос хойш байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх аюулт үзэгдэл, гамшиг осол 2.9 дахин өссөн.
Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин буюу 2.25 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь буюу 120 сая га газар нь цөлжилтөд нэрвэгдсэн бөгөөд үүний тал хувь нь нэн хүчтэй газрын доройтолд өртсөн гэж мэдээлж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг орлон гүйцтгэгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Тэргүүн Эваристе Коуасси-Комлан нь “Эрсдэлийн удирдлага нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гол түлхүүр” гэж онцлоод, стандартчиллаар дамжуулан эрсдэлийн удирдлагыг сайжруулах олон талт хамтын ажиллагаа, салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахыг оролцогчдод уриаллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд зохих дэмжлэгийг Засгийн газар болон бусад түншүүдтэй үзүүлж буй НҮБ-ын төрөлжсөн агентлагууд 11 сарын 20-22-ны өдрүүдэд орон даяар чуулж буй энэхүү форумыг дэмжин оролцлоо.