Энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хүртээмжтэй бөгөөд тэгш эрхийг хангасан сайн сайхан нийгмийг бүтээхэд инновацын гүйцэтгэх үүргийг тодотгож байна.
Дэлхий дахинаа тохиож буй олон төрлийн хямрал гамшиг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөлж байна.
Хэнийг орхигдуулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн тулд бидэнд асуудлыг үндсээр нь өөрчилж чадах шийдэл гарц хэрэгтэй байна.
Үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бодлогыг өөрсөдтэй нь хамтарч, өөрсдөөр нь боловсруулуулах төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үлэмж нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Энэхүү хамтын ажиллагааны тулганы чулуу нь бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн идэвхтэй оролцоо хийгээд бүхий л шийдвэр гаргах үйл явц дахь бүрэн хамрагдалт байх ёстой.
Оролцоог дэмжихэд инновац болон технологи хүчирхэг хэрэгсэл болж чадна.
Инновац болон технологиор бид мэдээлэл, боловсрол хийгээд насан туршийн боловсролын хүртээмжийг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажиллах хүчин болон нийт нийгмийн амьдралд эн тэнцүү оролцох шинэ гарцуудыг нээж чадна.
Гэхдээ технологийн ашиг тусыг хүртэхийн тулд бид дижитал хуваагдлыг арилгаж, дижитал орчин дахь хүний эрхийг сахин хамгаалах ёстой.
Бидний хувьд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийг Хамруулах Стратегиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, Байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хүртээмжтэй байлгах бодит замын зураглалыг толилуулсан билээ.
Төв байрнаас авхуулаад төслийн талбарууд хүртэл бид дижитал хүртээмжтэй байдлыг үнэлж, нэмэгдүүлж, дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулахад үлгэрлэн манлайлж байна.
Хүн нэг бүрд хүртээмжтэй бөгөөд тэгш эрхийг хангасан ертөнцийг бүтээх инновацлаг шийдлүүдийг илрүүлэхийн төлөө бүгдээрээ өнөөдөр, өнөөдрөөс чанагших өдөр бүр хамтран ажиллацгаая.