“ҮНДСЭН ХУУЛЬ БА ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ – 30 ЖИЛ” сэдэвт чуулганд илгээсэн мэндчилгээ
“Үндсэн хууль ба Хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” сэдэвт чуулганд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн илгээсэн видео илгээлт
Эрхэмсэг нөхөд өө,
Монголын хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудын Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!
Видео мэндчилгээ:
Өнөөдөр бол Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсны 30 жилийн ойг тэмдэглэж буй онцгой өдөр юм. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын гэрэлт цамхаг хэмээн тодорхойлогддог.
Монгол Улсын ардчилсан засаглалаа бэхжүүлж, хууль дээдлэх ёсыг эрхэмлэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс сайшаан тэмдэглэж байна. Үүнд 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө багтана.
Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол “ардчилсан нийгмийн тулгын чулуу” мөн. Иймд ардчиллыг хамгаалахын тулд төр, засгийг иргэдийнхээ өмнө илүү хариуцлагатай болгоход хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг их.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана" хэмээн заасан.
Монгол Улс олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө”-г баталгаажуулсан.
Үүнтэй холбогдуулан, олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөөг хүндэтгэх, иргэний орон зайг хамгаалах чиглэлээр Монгол Улс шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг энд давтан дурдахыг хүсэж байна. Үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн идэвхтнүүдийг хууль бус дарамт шахалт, шийтгэл, эсхүл заналхийлэлд өртөхөөс айхгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг заналхийлсэн хэргийг шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг багтана.
Миний бие, Монгол Улсын эрх баригчдад хандан чөлөөт, хараат бус, олон талт хэвлэл мэдээлэл, иргэний орон зайг дэмжихийн тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна. Монголын хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цензураас ангид байх нөхцөлийг бүрэн хангахуйц хууль эрхзүйн орчин, бодлого дутагдаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж байна.
КОВИД-19 цар тахлыг таслан зогсоохтой холбоотой хязгаарлалтын арга хэмжээний улмаас тайван цугларалт, иргэдийн эсэргүүцлийн жагсаал зэрэг иргэний орон зай хумигдаж байгаад санаа зовниж буйгаа ИНБ-ууд бидэнд бас мэдэгдэж байна.
Иймд, Монгол Улсын Их Хурал, Хэвлэлийн Хүрээлэнгийн хамтарсан энэхүү санаачилга нь хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, ялангуяа дижиталчлалын эрин зуунд тулгамдаж буй “инфодемик” гэж нэрлэгдэх хуурамч мэдээ, худал ташаа мэдээлэл гэх бас нэгэн сорилттой холбоотой асуудлыг илэн далангүй ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх боломжийг олгож байгааг миний бие талархан хүлээж авч байна.
Үгийнхээ төгсгөлд, Монголын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад илүү эрх чөлөөтэй, олон нийтийн нээлттэй мэтгэлцээн, яриа хөөрөө өрнүүлэх боломж олгож, мөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, нийт Монголчуудад шударга, сайн сайхан ертөнцийг цогцлоохын төлөө манлайлан ажиллаж байгаад нь Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлье.
Мөн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх Хэвлэлийн хүрээлэнгийн санаачилга, тууштай манлайлалд чин сэтгэлээсээ талархаж байна.
Эцэст нь хэлэхэд, Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд тууштай дэмждэг гэдгийг энд дахин давтан хэлье.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.