Хэвлэлийн мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч: Монгол Улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодитой ахиц гаргах шаардлагатай байна

2021 оны арван хоёрдугаар сарын 08

Улаанбаатар -- Жендэрт суурилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд Монгол Улс дорвитой ахиц гаргасныг НҮБ-ын тусгай илтгэгч сайшаан тэмдэглэв. Гэвч, эдгээр хууль тогтоомжийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх нь өнөөгийн тулгамдсан асуудал болсныг тэрбээр онцоллоо.


SR on VAW
Тайлбар: НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Монгол Улсад айлчилсан ажлынхаа үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Зургийг: © UNFPA / Khash-Erdene

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, жендэрийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг баталж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдсэнийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рийм Алсалем Монгол улсад айлчилсан айлчлалынхаа талаарх урьдчилсан дүгнэлтдээ тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь “Эдгээр нь хууль эрхзүйн шинэчлэлийг улам боловсронгуй болгох үндэс суурь болохын зэрэгцээ үндэсний хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд  нийцүүлэх шаардлагатай байна” хэмээн мэдэгдэв.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр болон хамтарсан багийн зүгээс үзүүлэх үйлчилгээ үндэсний болон орон нутгийн түвшинд өргөжин тэлж байгааг сайшаав. Гэсэн хэдий ч алслагдсан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд хүрэх үйлчилгээний хүртээмж, хангамжийг улам сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Эдгээр үйлчилгээг ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хүргэхдээ жендэрийн мэдрэмжтэй арга барилыг баримтлан ажиллахыг Тусгай илтгэгч Рийм Алсалем онцоллоо.

Одоогийн байдлаар төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэгчид нь хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэр бүлийн хүрээний асуудал, эсвэл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч үзэж байгааг тэрээр дурьдав.


SR on VAW close-up
Тайлбар: UN Special Rapporteur Ms Reem Alsalem
Зургийг: © UNFPA / Khash-Erdene

Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид, ЛГБТИ бүлгийн гишүүд, биеэ үнэлэгчид зэрэг эмзэг бүлгийнхнийг ялган тодорхойлох, тэдэнд хүрч үйлчлэх талаарх бодлого, арга хэмжээг тодорхой илэрхийлж, цар хүрээг нь өргөжүүлэхийг уриалсан байна.

“Үйлчилгээ үзүүлэгчид, хууль сахиулах байууллага, шүүх эрх мэдлийн тогтолцоо нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл төдийгүй бүх төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, мөн бүхий л бүлгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллах шаардлагатайг” Тусгай илтгэгч Рийм Алсалем мөн тэмдэглэв.

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хэвийн зүйлд тооцох, хохирогчдыг буруутгах зэргээр Монголын нийгэмд гүнзгий нэвчин шингэсэн хэвшмэл ойлголтыг таслан зогсоох талаар арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Үүний тулд “хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй архидалттай тэмцэх зэргээр эрс шийдэмгий бөгөөд зорилготой хүний эрхийн тухай боловсрол олгох кампанит ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг” шинжээч онцлон тэмдэглэв.

Хатагтай Алсалем Монгол Улсад хийсэн 10 хоногийн айлчлалын үеэр УИХ-ын гишүүд, Улсын дээд шүүх, Засгийн газрын болон хараат бус төрийн байгууллагуудын зохих албан тушаалтнууд, олон улсын болон санхүүгийн байгууллагууд, хандивлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын төлөөлөлтэй тус тус уулзсан байна.

Тусгай илтгэгч нь Монгол Улсад хийсэн айлчлалын тайлан, дүгнэлтээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2022 оны 6 дугаар сард танилцуулах болно.

----

Хатагтай Рийм Алсалем нь (Йордан) 2021 оны 7-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврын талаарх Тусгай илтгэгчээр томилогдсон болно. Уг алба нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврын арилгах талаарх санал зөвлөмжийг үндэсний болоод олон улсын түвшинд боловсруулж ажиллахад чиглэдэг.

Тэрээр Египетийн Кайро дахь Америкийн их сургуульд Олон улсын харилцааны магистр (2001), Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфордын Их Сургуульд Хүний эрхийн эрхзүйн магистр (2003) зэргийг тус тус эзэмшсэн байна. Хатагтай Рийм Алсалем нь жендэр, дүрвэгсэд болон цагаачдын эрх, шилжилтийн үеийн шударга ёс, хүмүүнлэгийн хариу арга хэмжээний асуудлаар мэргэшсэн хараат бус зөвлөх юм.

Тусгай илтгэгчид нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хараат бус шинжээчдийн хамгийн том тогтолцоо болох Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт тодорхой улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудын талаар хараат бусаар баримт мэдээлэл цуглуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмыг хэрэгжүүлэгч шинжээчид нь сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд НҮБ-аас цалинждаггүй. Тэд аливаа Засгийн газар, ямар нэгэн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын вэбсайт дахь Монгол Улсын талаарх мэдээлэл: Mongolia

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:

Рената Претурлан (+41 22 928 9254 / renata.preturlan@un.org)

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийн хүсэлтийг дараах хаягаар авна уу:

Жереми Лауренс (+41 22 917 9383 / jlaurence@ohchr.org)

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийг дараах хуудсаар авна: Twitter @UN_SPExperts.

---

Concerned about the world we live in?

Then STAND UP for someone’s rights today.

#Standup4humanrights and visit the web page at

http://www.standup4humanrights.org

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд