НҮБ-ын Суурин зохицуулагч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, Тогтвортой Хөгжлийн зорилгуудыг ахиулах талаар ярилцав
2025 оны арван хоёрдугаар сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, талууд Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын (ТХЗ) хэрэгжүүлжилтийг хурдасгах зэрэг асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Г. Занданшатар Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, ялангуяа 2030 он хүртэл ТХЗ-ын хэрэгжилтийг ахиулахын төлөө тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Тухайлбал, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор санаачилсан “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгыг өрнүүлж буйг дурьдлаа.
Тэрээр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд иргэн төвтэй, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйгаа онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Суурин зохицуулагч халуун дотно хүлээн авсан Ерөнхий сайдад талархал илэрхийлж, НҮБ-ын Монгол Улсын хөгжлийг дэмжихээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудаа танилцуулав.
Тухайлбал, НҮБ-аас Монгол Улсын дижитал шилжилт, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжихэд онцгойлон анхаарч буйгаа дурьдлаа.
Яап ван Хиердэн цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь агаарын бохирдлыг бууруулж, олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хэмээн үзэж байна гэв.
Мөн, тэрээр Монгол Улс хэдий дундаас дээш орлоготой улс болсон ч хүн амын 27%-д хүндээр тусч буй ядуурлыг шийдвэрлэх нь нэн тулгамдсан, тэргүүлэх зорилго бөгөөд хөдөө орон нутгийн хөгжил, ялангуяа хөдөө аж ахуйг хөгжүүлж, хөдөөгийн иргэд, малчдын эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, уур амьсгалын сорилтыг даван туулах чадавх дээшлүүлэхэд анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.
Удахгүй Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 бага хурал буюу COP17 бага хурал нь дэлхий дахинд нөлөөлж буй уур амьсгалын сорилтыг хамтран шийдвэрлэх яриа хэлэлцээний чухал талбар гэдгийг онцолж, уг хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар санал нэгдэв. Цаашид, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, тогтвортой хөгжлийн зорилгуудаа амжилтттай хэрэгжүүлэхэд илүү анхаарлаа хандуулахаар ярилцлаа.
Үүнд, НҮБ-ын системийн байгууллагууд Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгааг ноё Яап ван Хиердэн дахин нотоллоо.