АНУ-ын Конгрессын Төлөөлөгчид Монгол Улс дахь НҮБ-д зочиллоо
НҮБ-ын Суурин Зохицуулагч АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг хүлээн авч, НҮБ-ын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр дүнгээс танилцууллаа.
НҮБ-ын Суурин Зохицуулагч АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Эд Кейс, Амириш Бера, Сара Жейкобс, Жонатан Жэксон, Элчин сайд Кеннет Ж. Брейтуэйт болон АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч асан Хийтер Науерт нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг 8-р сарын 24-28-ны өдрүүдэд Монгол Улсад хүлээн авч, зочиллоо.
НҮБ-ын Сангаас зохион байгуулсан энэхүү айлчлал нь АНУ-ын бодлого боловсруулагчдад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ач холбогдол, үр өгөөжийг танилцуулах, мөн Монгол Улсад НҮБ-аас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилготой байв.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид НҮБ-ын Монгол дахь байранд зочилж, НҮБ-ын Удирдлагын багтай уулзан, Монгол Улс НҮБ-д элссэн цагаас хойшх урт хугацааны түншлэлийн талаар ярилцлаа. НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн зочиддоо НҮБ-аас Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр, түүний дотор 1990-ээд оноос өмнөх үеийн хөгжлийн туслалцаанаас аваад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй шинэлэг, тогтвортой ирээдүйд чиглэсэн хөтөлбөрүүдийг тоймлон танилцуулсан юм.
Төлөөлөгчид НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хэд хэдэн төсөл болон дэмжлэг хүртсэн байгууллагуудтай танилцах аялал хийлээ. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулахаар гэр хорооллын өрхүүдэд нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын шийдлийг санал болгож буй төслийн үр шимийг хүртэж буй өрхөд зочлохоос гадна жендэрт суурилсан хүчирхийллийг даван туулагчдад дэмжлэг үзүүлдэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах зэрэгтэй танилцав.
Айлчлалын хүрээнд тэд Монгол Улсын УИХ-ын гишүүд, засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү айлчлал тэдэнд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг илүү сайн ойлгох, үнэлэх боломжийг олгосон гэж дүгнэв.
Монголын түүх, соёлтой дэлгэрэнгүй танилцсан Конгрессын төлөөлөгчид монголчуудын халуун дотно зочломтгой байдлыг гүнээ талархаж буйгаа илэрхийллээ.