Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа,
Эрхэмсэг ноён Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр танаа,
УИХ-ын дэд дарга С. Одонтуяа танаа,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Эрхэм энхийг сахиулагч эмэгтэйчүүд ээ,
Монголын эмэгтэй энхийг сахиулагчдыг алдаршуулах энэхүү ёслолын үйл ажиллагаанд Та бүхэнтэй нэгдэж байгаа нь миний хувьд том завшаан, нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын мандатын хүрээнд үүрэг гүйцэтгэсэн нийт эмэгтэй энхийг сахиулагчиддаа гал халуун баяр хүргэе.
Энэ жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс энхийг сахиулагчдаа анхлан илгээж, үүрэг гүйцэтгэсний 20 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж байна.
Өнөөдөр бид НҮБ-ын зүгээс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн 900 гаруй Монголын энхийг сахиулагч эрэлхэг эмэгтэйчүүддээ гүн хүндэтгэл үзүүлж байна.
НҮБ эмэгтэйчүүдийг энхийг сахиулах ажиллагаанд алба гүйцэтгэхийг шийдвэртэй дэмжиж ирсэн. Одоогийн байдлаар, энхийг сахиулах ажиллагааны хүрээнд алба хааж буй цэргийн анги нэгтгэл, цагдаа, хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 6.6 хувийг эмэгтэй алба хаагч эзэлж байна.
2028 он гэхэд, цэргийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүний 15 хувь, цэргийн ажиглагч, штабын офицеруудын 25 хувь нь эмэгтэйчүүд байх зорилт тавиад байна.
НҮБ-аас гишүүн орнууддаа хандаж гаргасан энэхүү уриалгын хариуд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ Монголын эмэгтэй энхийг сахиулагчдын тоог 15 хувиар нэмэгдүүлэх амлалт өгсөнийг бид туйлын талархан хүлээж авсан билээ.
Эмэгтэйчүүд энхийг сахиулах ажиллагааны бүхий л салбарт эрэгтэй алба хаагчидтай ижил үүрэг гүйцэтгэж, ижил стандарт, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж чадна гэдгээ нотолсон. НҮБ эмэгтэй энхийг сахиулагчдыг элсүүлэн, үүрэг гүйцэтгүүлсэн хэвээр байх явдал үйл ажиллагааны зайлшгүй шаардлага юм.
Монголын энхийг сахиулагч эмэгтэйчүүд ямар ч үүрэг хүлээсэн үүргээ маш сайн гүйцэтгэнэ гэдэгт би бат итгэлтэй байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан, Афганистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн зөрчил мөргөлдөөний хамгийн халуун бүс нутагт өнгөрсөн хорь гаруй жилийн туршид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, тэр дундаа, эмэгтэй бие бүрэлдэхүүнд Монгол дахь НҮБ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Дэлхий дээр амар амгалан орших болтугай!