Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг болно
2025 оны арван нэгдүгээр сарын 04
ЖЕНЕВ ХОТ (2025 оны 10-р сарын 31) – Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөв дэх удаагийн дүгнэлт хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2025 оны 11-р сарын 4-ний өдөр зохион байгуулна. Хэлэлцүүлгийг Женев хотоос энэ холбоосоор шууд дамжуулна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 3-наас 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй 14 улсын нэг нь Монгол Улс юм. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг анх 2010 оны 11 дүгээр сард, хоёр дахь хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сард, 2020 оны 11 дүгээр сард гурав дахь хэлэлцүүлгийг тус тус хийсэн билээ.
UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн Ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн улсаас бүрддэг. Гэхдээ НҮБ-ын гишүүн, ажиглагч улс нь аль ч улсын хүний эрхийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдаг.
Дүгнэлт хэлэлцүүлэг нь дараах баримт бичигт тулгуурлана. 1) Үндэсний тайлан – тухайн хэлэлцүүлэгт оролцогч улсаас ирүүлсэн тайлан; 2) Тусгай журам хэмээн нэрлэдэг хүний эрхийн хараат бус шинжээч, ажлын хэсгүүдийн тайлан, Хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл; 3) Хүний эрхийн үндэсний байгууллага, бүс нутгийн болон иргэний нийгмийн байгууллагууд зэрэг бусад оролцогч талуудын өгсөн мэдээлэл.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх тойм бүхий дээрх гурван тайлантай энэ холбоосоор танилцана уу.
Танхим: Чуулганы танхим (А барилга, 3 давхар), Нэгдсэн Үндэстнүүдийн ордон, Женев хот. Огноо: 2025 оны 11-р сарын 4-ний Мягмар гараг, 14:30-18:00 (GMT+1) Женев хотын цагаар:
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг бүхэлд нь хянаж, хэлэлцдэг. Анхны хэлэлцүүлгийг 2008 оны 4-р сард зохион байгуулснаас хойш НҮБ-ын гишүүн 193 улс тус бүр гурван удаа Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт оролцоод байна. Дөрөв дэх удаагийн хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үеэр бусад улсаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой ахиц дэвшлийг сайтар дүгнэн, хэлэлцэх төлөвтэй байна.
Монгол Улсын албаны төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л. Мөнхтүшиг ахалж байна. Бразил, Вьетнам, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын төлөөлөгчид нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх (“Гурвал”) юм. Хуралдааны шууд дамжуулалтыг https://webtv.un.org/en/asset/k17/k177owbbyl холбоосоор үзнэ үү. Монгол Улсын хүний эрхийн хэлэлцүүлгийн үеэр хийх бүх мэдэгдэл, мэдээллийг UPR Extranet цахим сайтад нийтлэнэ.
2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний Баасан гарагийн 14:30-18:00 (GMT+1) цагт болох хуралдаанаар Монгол Улсад өгөх зөвлөмжийг Ажлын хэсэг батлах төлөвлөгөөтэй байна. Тухайн хүний эрхийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улс өөрт нь өгсөн зөвлөмжийн талаар байр сууриа илэрхийлж болно.
-*-*-*-
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахыг хүсвэл Хүний эрхийн зөвлөлийн Хэвлэлийн ажилтан Паскаль Сим (simp@un.org) , Олон нийтийн мэдээллийн ажилтан Мэттью Браун нартай matthew.brown@un.org хаягаар холбогдоно уу.
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу: www.ohchr.org/en/hr-bodies/upr/upr-main
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "20 дахь Танхим" мэдээллийн товхимол авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.
https://mailchi.mp/a3a538479938/hrc-mailshot-to-ohchr-global