Хэвлэлийн мэдээ

Монгол Улс хүний эрхэд суурилсан, хараат бус хууль зүйн тогтолцоонд шилжих хүчин чармайлтаа бататгах ёстой

2023 оны арван нэгдүгээр сарын 15

УЛААНБААТАР хот (2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр) – Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш шүүх тогтолцооны бие даасан байдлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн алхмуудыг, ялангуяа олон улсын байгууллагуудаас гаргасан хүний эрхийн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудыг НҮБ-ын шинжээч сайшаав.

“Монгол Улс эхлүүлсэн өөрчлөлтөө дуусгахын тулд энэ мөчийг сайтар ашиглах хэрэгтэй” гэж Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Хатагтай Маргарет Саттертвэйт тус улсад хийсэн албан айлчлалынхаа төгсгөлд хэллээ. Тэрээр:

“Монгол Улс нотолгоонд суурилсан шинэчлэл хийж буйг би дэмжиж байгаа бөгөөд хүний эрхэд суурилсан, хараат бус хууль зүйн тогтолцоог бэхжүүлэхийн тулд цаашдын алхмуудыг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.

Тусгай илтгэгч нь Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд болон прокурорын газруудаар орж, ажил үйлстээ бие сэтгэлээ зориулж яваа хуульчид, эрхзүйн мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Хөрөнгө оруулалт дутмагаас шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэгчдэд зориулсан барилга байр хангалтгүй, хүртээмжгүй, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг нь хууль зүйн тогтолцоонд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг хатагтай Саттертвэйт өөрийн биеэр танилцав. “Монгол Улсын шүүгчдийн цалин бага, ажлын ачаалал их байна,” гэж НҮБ-ын шинжээч мэдэгдэв. Тэрээр мөн “Шүүгчид болон шүүгчийн туслахууд ийм хүнд нөхцөлд байгаа хэдий ч мэргэжилдээ үнэнчээр ажиллаж байгааг үнэлэх хэрэгтэй” гэв.

Шүүх засаглалын ирээдүйг баталгаажуулахын тулд Монгол Улсын төр бодитой санхүүжилт хийх хэрэгтэй байх тул улсын төсвийн тодорхой хувийг хууль зүйн тогтолцоонд зориулдаг болохыг хатагтай Саттертвэйт уриалав.

Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэчлэлтэй дүйцэхүйц арга хэмжээг мөн прокурорын байгууллагад авч хэрэгжүүлэх ёстой. “Прокурорыг томилох, шилжүүлэх, албан тушаал ахиулахад бодитой, ил тод үндэслэлд тулгуурладаг байх ёстой” гэж Тусгай илтгэгч хэлэв. “Үүнээс гадна, прокурорын сахилга бат, хариуцлагыг хангах бие даасан байгууллага байгуулах хэрэгтэй” гэв.

Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдалд үнэлгээ, хяналт шинжилгээ хийж байгааг Тусгай илтгэгч сайшаав. Тэрээр судалгааны үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэл сул байгаад, мөн иргэд, тэр дундаа зарим төрийн албан тушаалтнууд, нийгмийн сүлжээгээр шүүгчдийг гутаан доромжилж байгааг сонсоод сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. “Олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх арга хэмжээг төрөөс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж хатагтай Саттертвэйт хэлэв. “Хүн бүр тэгш оролцох боломжтой шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх чухал үүрэг гүйцэтгэж буйг илүү сайн тайлбарлах боломж Засгийн газарт байна.”

Монголын төр бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүйгээр шударга ёсыг хангах үүрэгтэй болохыг Хатагтай Саттертвэйт тэмдэглэв. Тэрээр “Шударга ёсны хүртээмжийг хөдөөгийн малчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК хүмүүс зэрэг тодорхой бүлгийн иргэдэд нэмэгдүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудын хийж буй чухал ажлыг дэмжиж, дэмнэхийг би уриалж байна” гэлээ.

Тусгай илтгэгч айлчлалын дүгнэлт зөвлөмж бүхий тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2024 оны 6 дугаар сард танилцуулна.

Хатагтай Маргарет Саттертвэйт нь Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч юм.  Тэрээр Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчээр 2022 оны 10 дугаар сард Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр томилогдсон. Профессор М.Саттертвэйт нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн олон улсын судлаач, олон жилийн дадлага туршлагатай шинжээч юм. Тэрээр Нью-Йоркийн Их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор юм.

Тусгай илтгэгчид нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хараат бус шинжээчдийн хамгийн том тогтолцоо болох Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт тодорхой улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудын талаар хараат бусаар баримт мэдээлэл цуглуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмыг хэрэгжүүлэгч шинжээчид нь сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд НҮБ-аас цалинждаггүй. Тэд аливаа Засгийн газар, ямар нэгэн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын вэбсайт дахь Монгол Улсын талаарх мэдээлэл: - Mongolia

Нэмэлт мэдээлэл, хэвлэл мэдээллийн хүсэлт байгаа бол дараах хаягаар хандана уу: 

hrc-sr-independencejl@un.org

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой хэвлэл мэдээллийн лавлагааг дараах ажилтнуудтай холбогдож авна уу: Maya Derouaz (maya.derouaz@un.org), Dharisha Indraguptha (dharisha.indraguptha@un.org).

НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбоотой мэдээг авахыг хүсч байвал дараах Twitter хуудсын дагагч болно уу @UN_SPExperts.

Concerned about the world we live in?

Then STAND UP for someone's rights today.

#Standup4humanrights

and visit the web page at 
http://www.standup4humanrights.org

__________________________________________

Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгчийн Монгол Улсад хийсэн үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг доорх холбоосоос татаж авна уу.

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХЭДК
Хүний эрхийн дээд комиссар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд