НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн үг
"Дэлхий тэр даяараа цар тахлын эсрэг тэмцэж буй энэ үед төрийн албыг гүйцэлдүүлэхэд технологийн гүйцэтгэх үүрэг урьд урьдынхаас илүү чухал болж ирлээ."
НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн үг
Эрхэмсэг ноён Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзориг танаа,
Эрхэмсэг ноён Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Зүмбэрэллхам танаа,
Эрхэм хүндэт оролцогчидоо, Эрхэм гишүүд, Түншүүд, Хамтран зүтгэгчид, Хатагтай, Ноёд оо,
НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Засгийн газар болон олон улсын хөгжлийн байгууллагуудын нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн эрхэм төрийн албан хаагчдад зориулан үг хэлэх боломж олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний мэдэж байгаачлан, НҮБ-ын Төрийн албаны тэмдэглэлт энэ өдөр олон нийтэд үйлчилдэг төрийн албаны үнэ цэнэ, үүрэг оролцоог онцолж, хөгжлийн явцад төрийн албаны оруулдаг хувь нэмэрт өндөр ач холбогдол өгч, төрийн албан хаагчдын ажил хэргийг үнэлж, залуучуудыг төрийн албанд ажил мэргэжлээрээ өсөн дэвжиж ажиллахыг уриалдаг билээ.
Энэ жилийн Төрийн албаны өдрөөр төрийн албан дахь дижитал инноваци, технологид өндөр ач холбогдол өгч байна. Дэлхий тэр даяараа цар тахалтай тэмцэж буй энэ үед төрийн албыг гүйцэлдүүлэхэд технологийн гүйцэтгэх үүрэг урьд урьдынхаас илүү чухал болж ирлээ. Цар тахлын улмаас төрийн үйлчилгээнд цахимаар сургалт хийх, зайнаас оношлох зэргээр дижитал технологи ашиглан зайнаас ажиллах шаардлага зайлшгүй бий болж байна.
Монгол Улс дижитал үндэстэн болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхийн тулд Алсын хараа-2050 бодлогынхоо цөмд дижитал инновацийг оруулж өгсөнд миний бие туйлын баяртай байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааг сайжруулахын тулд дижитал засаглалыг бэхжүүлэх явдал нэн тэргүүний зорилт гэж үзэж байна. Засгийн газрын иргэддээ үзүүлдэг нийт 590 гаруй үйлчилгээний 330-ийг нь e-Mongolia порталаар дамжуулан цахимаар авах боломжтой болжээ.
Өнөөдрийн арга хэмжээ нь, тэтгэлэгт хөтөлбөрүүд нь төрийн албанд шинэ мэдлэг, шинэ сэтгэлгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан цаг үеэ олсон арга хэмжээ юм. Эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнд төрийн албыг инноваци, дижитал технологийн дэвшлийг ашиглах шинэчлэхэд нэн шаардлагатай байгаа шинэ боломж, шинэ санаагаар баяжуулж байна. Төгсөгчдийн ололт амжилт, тэдний төрийн албанд авчирсан баялаг мэдлэг, ур чадварыг онцлон тэмдэглэж буй завшааныг ашиглан эдгээр хөтөлбөрийг санхүүжүүлдэг төдийгүй олон жилийн туршид эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн өгөөмөр хандивлагчиддаа талархал илэрхийлье.
Монгол дахь НҮБ нь НҮБХХ-өөр дамжуулан Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг дэмжиж ирсэн. Канадын Засгийн газрын харамгүй дэмжлэгийн дор НҮБХХ-ийн хамт олон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран мэргэжлийн, чадамжид суурилсан төрийн албыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ завшаанд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд төрийн албанд алба хашиж, ахиж дэвшиж боломж олгодог, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь үр дүнтэй бөгөөд ашиг тустай төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд чухал гэдгийг дахин хэлмээр байна.
Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан нийт монголчууддаа сэтгэл зүрхээ зориулан үйлчилж буй төрийн албаны ажилтнуудад талархлаа илэрхийлье. Шинэлэг санаа, санаачлагыг амьдралд нэвтрүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд хувь нэмрээ оруулах замаар Монгол Улсынхаа төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж буй Та бүхний тууштай хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байна.
Ялангуяа, энэхүү гамшиг авчирсан цар тахлын үед олон хүний эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах ажилдаа уйгагүй зүтгэж ирсэн халуун цэг дэх албан хаагчдын баатарлаг ажил үйлсэд хүндэтгэл үзүүлье.
Баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.