Өнөөдөр, Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, бид, илүү шударга, илүү эрүүл саруул орчлон ертөнцийг бүтээх уриалгад нэгдэж байна.
Тогтвортой хөгжлийг хангахад эрүүл энх байх явдал амин чухал. Эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, сайн сайхныг түгээх явдал цэцэглэн хөгжсөн нийгмийг цогцлоох, ядууралд цэг тавих, тэгш бус байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Монгол Улс өнгөрсөн арван жилийн хугацаанд иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангах зорилго бүхий ТХЗ-3-ийг хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ирсэн.
Нялхас, хүүхдийн эндэгдэл буурсан. Хүн амын дундаж наслалт тогтвортой өссөн. Улаанбурхан, сахуу татран өвчний тархалтыг устгасан. Монгол улс халдварт саа өвчингүй орон болсон.
Гэсэн хэдий ч, өнөөгийн цар тахал нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг сэмрээх аюул заналхийлж байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд цар тахлын дэгдэлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, өндөр эрсдэлтэй хүмүүсийн амь насыг аврахын төлөө эцэж цуцалгүй тэмцэж байна.
Ковид-19-тэй дүйцэхүйц илүү олон эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалтай ирээдүйд учирч болзошгүй тул даян дэлхийн удирдагчид өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-тай хамтран дараагийн цар тахлын эсрэг илүү сайн бэлтгэл хангасан байх зорилго бүхий олон улсын шинэ гэрээ байгуулах уриалга гаргаад байна.
Өнөөдөр, Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, бид, илүү шударга, илүү эрүүл саруул орчлон ертөнцийг бүтээх уриалгад нэгдэж байна. Үүний тулд, НҮБ-ын системийн байгууллагууд Монгол Улсын Засгийн газартай хамтран хүн нэг бүр эрүүл мэндэд ээлтэй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Бидний хамтын хүчин чармайлт нь эрүүл мэндийн салбар дахь тэгш бус байдлыг системтэйгээр авч үзэн шийдвэрлэх, тэгш, хүртээмжтэй, чадавх бүхий эрүүл мэндийн үйлчилгээг санал болгох замаар нийт Монголчууд эрүүл энх, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой.
Хамтдаа бид үүнийг хийж чадна!