Хэвлэлийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

2021 оны гуравдугаар сарын 19

  • Гуравдугаар сарын 19, Улаанбаатар – Өнөөдөр, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тапан Мишра Б.Батцэцэгт Гадаад харилцааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, түүний удирдлага манлайлал доор НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлллээ.
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав.
Тайлбар: Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Зургийг: © ГХЯ

Талууд Ковид-19 цар тахлыг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов. Энэ үеэр, Б. Батцэцэг сайд Монгол Улсад цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, ялангуяа хүн амыг Ковид-19-ын халдварын эсрэг дархлаажуулахад олон талын дэмжлэг үзүүлж буй НҮБ-д талархлаа илэрхийлэв.

Өнөөг хүртэл, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын зүгээс Монгол улсад Ковид-19 цар тахлын эрсдлийг бууруулах, үр дүнтэй даван туулах зэрэгт чиглэсэн олон төрлийн төсөл хөтөлбөрт нийт 24,7 сая гаруй ам долларын дэмжлэгийг үзүүлсэн болно.

Уулзалтаар, Б.Батцэцэг сайд Монгол Улсын Засгийн газраас цар тахлыг даван туулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахдаа гадаадад гацсан монголчуудыг эх орондоо буцааж авчрахын тулд тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж, мөн тусгаарлалтын хугацааг багасгах зэрэг арга хэмжээ авч буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, мөн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар гадаадад гацсан монголчуудын дунд нутаг буцахад нь нэн шаардлагатай тусламж хэрэгтэй хүмүүсийг эх орондоо эргэн ирж, суурьшихад нь туслах нийт 3,2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Монгол Улс өнөөг хүртэл 20,000 гаруй иргэдээ татан авсан бөгөөд ойрын хугацаанд дахин 9000 гаруй иргэдээ эх оронд нь авчрахаар ажиллаж байна.

НҮБ-ын Суурин зохицуулагч энэ уулзалтаар мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангахын тулд үндэсний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг уг зорилгуудтай нягт уялдуулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахын тулд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд салбар дундын бодлогын уялдаа холбоо, хэрэгжүүлэх арга механизмыг сайжруулах шаардлагатай юм.

Гадаад харилцааны сайд Тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улс НҮБ-тай нягт хамтран ажиллахыг онцоллоо. Тухайлбал, УИХ-ын энэ хаврын чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг дурьдлаа.

Талууд Хүнсний системийн яриа хэлэлцээрийг зохион байгуулах, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх зэрэг ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.  

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд