Чөлөөт хэвлэл нь ардчиллыг төлөвшүүлэх, буруу үйлдлийг илчлэх зэргээр өнөөгийн ээдрээтэй нийгмийг манлайлж, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй билээ.
Гэтэл энэ жил гэхэд 70 гаруй сэтгүүлч нийгэмд үүргээ гүйцэтгэснийхөө төлөө алтан амиа алдлаа. Эдгээр гэмт хэргийн ихэнх нь шийдэгдээгүй байна. Сэтгүүлчид ажил үүргээсээ болж шоронд хоригдох, хүчирхийлэл, үхлийн аюул заналхийлэлд өртөх нь нэмэгдсээр байгаа бөгөөд урьд өмнөхөөс илүү олон тооны сэтгүүлч эдүгээ шоронд хоригдож байна.
Хуурамч мэдээлэл, цахим дээрэлхэлт, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг үзэн ядалтын үг хэллэг ихсэж байгаа нь дэлхий даяар хэвлэл мэдээллийн ажилтнуудыг боомилоход нөлөөлж байна. Хууль эрх зүй, санхүүгийн болон бусад арга хэрэгслийг урвуулан ашиглах замаар айлган сүрдүүлж, айдаст автуулах нь эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хүчин чармайлтыг сулруулж байна. Эдгээр чиг хандлага нь сэтгүүлчдэд төдийгүй нийгэмд заналхийлж байна.
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө нь хэвлэл мэдээллийн бүх ажилтнуудад аюулгүй, чөлөөт орчинг бүрдүүлэх зорилготой. Бид 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид сэтгүүлчдийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Засгийн газрууд болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна. Бид ял шийтгэлгүй үлддэг угширмал соёлыг халж, сэтгүүлчдэд амин чухал ажлаа хийх боломжийг нь олгох ёстой.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын энэ өдөр хэвлэл мэдээллийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, бүх нийтийн үнэн, шударга ёс, хүний эрхийн төлөө зогсоцгооё.