Тайлбар: Tapan Mishra, UN Resident Coordinator for Mongolia
Зургийг: © UN Mongolia
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэе.
Энэхүү тэмдэглэлт ой болон энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн тэмдэглэлт ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нарт Монгол Улс дахь НҮБ-ын системийн нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монголын арвин баялаг түүх, соёлыг миний бие үргэлжид биширч явдаг. Нэгэн цагт дэлхийн түүхэн дэх эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан Та бүхний аугаа түүх, эрэлхэг өвөг дээдсийн тань өв уламжлал монголчуудын олон үеийнхэнд хүсэл эрмэлзэл, тэсвэр тэвчээрийн урам зориг нь болж ирсэн билээ. Монгол Улс үндэстний хувьд өрнүүн их сорилт, тэмцлийн үеийг туулж, улмаар 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын хэмжээнд бататгахаар асар их хүчин зүтгэл гаргасны үр дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд өнөөдөр бид энэхүү ололт амжилт, чухал цаг үеийг бахархалтайгаар ёслон тэмдэглэж байна!
Өнгөрсөн жарны туршид энэхүү аугаа үйлсийг бүтээлцсэн, биднийг өнөөдрийн энэхүү бахархалт мөчид хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүсийн хүчин чармайлтыг би энд онцгойлон цохон тэмдэглэмээр байна.
Тэр цагаас хойш Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт асар их амжилтад хүрээд байна. Чөлөөт хэвлэл мэдээлэл, хүчирхэг иргэний нийгэм бүхий эрч хүчтэй, тогтвортой ардчилсан нийгэмд амжилттай шилжсэн Монгол Улс бүс нутагтаа ардчиллын гэрэлт цамхаг гэгддэг билээ.
Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого нь дундаас дээш орлоготой орнуудын босгыг давснаар Монгол Улс хүний хөгжлийн хувьд “өндөр”, орлогын хувьд “дундаас дээш орлоготой” орон болж дэвшиж чадсаныг дурдахад таатай байна. Монгол Улс боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлтэд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах тал дээр ихээхэн ахиц дэвшил гаргаад байна.
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гаргаж, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж, дундаж наслалтыг тогтвортой нэмэгдүүлж чадлаа. Зарим төрлийн халдварт өвчнийг бүрэн устгасан бөгөөд үүнийг дотор саа өвчингүй орон болсныг тэмдэглэж байна.
Монгол Улс боловсролын салбарт мөн ихээхэн ахиц дэвшилд хүрч, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын тогтолцооны үндэс суурийг тавьж чаджээ. Өнөөдөр Монгол Улсын бичиг үсэг тайлагдалтын түвшин 98.4 хувьд хүрсэн, мөн эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмших хувь өндөр байна.
Бидний түншлэл, хамтын ажиллагаа Монгол Улсад ардчилсан засаглал, хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлж, илүү хүчтэй болгоход нөлөө үзүүлж ирлээ.
НҮБ нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газар болон бусад талуудтай түншлэн ажиллаж байна.
Ядуурлыг бууруулж, өлсгөлөнг зогсоож, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны хөгжилд томоохон ахиц дэвшил гарч байгааг бид илхэнээ харж байна.
Мөн бид, хүүхдийн эрх, цөөнхийн эрх, хөдөлмөрлөх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг хүний эрхийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс бүс нутагтаа Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийг анхлан баталсан орнуудын нэг болсныг энд цохон тэмдэглэхэд таатай байна.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хувьд хүрсэн ололт амжилт арвин хэдий ч бид хөгжлийн явцад илүү их сорилтуудтай тулгарч байна.
НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагаа сүүлийн хэдэн арван жилийн туршид, эдүгээ ч оршин буй ядуурал, тэгш бус байдал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд эдгээр тулгамдсан асуудлууд өнөөгийн цар тахлын нөлөөгөөр улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна.
2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилгыг ханган биелүүлэхийн тулд бид илүү ихийг хийх ёстой. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бидэнд арав хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна.
Хүн амын дунд ТХЗ-ын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд НҮБ, үндэсний болон олон улсын түншүүдтэйгээ хамтран хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилтуудыг сурталчлан таниулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргасаар байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа-2050-ийг Улсын Их хурал өнгөрсөн оны 5-р сард баталсан бөгөөд НҮБ болон бусад түншүүд Засгийн газартай хамтран ТХЗ-д хүрэхийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Энэ зорилгын үүднээс, бид ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” шинэ баримт бичиг (UNSDCF) боловсруулах шатандаа явж байна.
Энэ завшааныг ашиглан, ТХЗ-г хэрэгжүүлэх үйлсийг тууштай манлайлж, хүчин зүтгэл гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт талархал дэвшүүлье.
Энэ мөч бол Монгол Улсыг тогтвортой, эрсдэлийг сөрөх чадвартай, хүртээмжтэй хөгжлийн замд оруулах амлалтаа биелүүлэхийн тулд бид бүгдээрээ хамтран ажиллах чухал цаг үе юм.
Одоо бидний нэн тэргүүний зорилт бол аймшигт цар тахлыг даван туулж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулаагүй, хүртээмжтэй, тэгш, тогтвортой өсөлтийг бий болгох явдал юм.
Бид, Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг, Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн сорилтуудыг даван туулж, илүү бат бөх түншлэлийг бий болгох замаар бүс нутагтаа төдийгүй дэлхийн хөгжилд тод томруун хувь нэмэр оруулагч, тоглогч болох асар их нөөц бололцоо байгаа гэж харж байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, Монгол Улсын нийт ард түмэнд гэрэл гэгээтэй, цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй ирээдүйг хүсэн ерөөе. Ирэх 60 жилд ч бидний түншлэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд дахин баярын мэнд хүргэе. Баярлалаа!