Энхийн төлөө зүтгэгчид: Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г. Болор
Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал
НҮБ-ын энхийг сахиулагчид өдөр бүр дэлхийн улс төр, аюулгүй байдлын хамгийн эмзэг орчинд амьдарч буй олон зуун мянган эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахаар ажилладаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй энгийн болон цэргийн дүрэмт хувцастай бие бүрэлдэхүүн гал зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хүний эрхийн зөрчил, хүчирхийллийг мөрдөн шалгах, мөргөлдөөнд нэрвэгдсэн олон оронд энх тайван, сэргэн мандалт, хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс энэ жил НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулж буйтай холбогдуулан тус улсын анхны эмэгтэй генерал, Цэнхэр дуулгатан асан, бригадын генера Г. Болортой ярилцлаа.
Монгол Улсын бригадын генерал Г. Болор өдгөө Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн газрын даргаар ажиллаж байна. 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (MINURCAT), 2013 онд Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд тус тус үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр мөн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснийхээ дараа Нью-Йорк хот дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны албанд Энхийг сахиулах ажиллагааны офицероор ажилласан. Тухайн үеийн хурандаа Г. Болорт гуравдугаар сарын 18-нд тохиодог Монгол цэргийн баярын өдрөөр Бригадын генерал цол олгосноор тэрээр тус улсын анхны эмэгтэй генерал цолтон болсон юм.
“Намайг залуу байхад миний үеийн ихэнх залуучууд сургууль соёлоо төгсөөд өөрсдийн хүссэн мэргэжлээ сонгох боломжгүй, ихэнхдээ эцэг эхийн зөвлөж, зааварласнаар явдаг байв. Тэр л уламжлалын дагуу би ээжийнхээ зөвлөснөөр цэргийн сургуулийг сонгосон. Азаар намайг ахлах сургуулиа төгсөхөд Цэргийн их сургууль анх удаа эмэгтэй оюутнуудыг элсүүлж эхэлсэн.
Залуу эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүлэл
Би 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд анхны Монгол эмэгтэй алба хаагч-аар томилогдон ажилласан. 2022 оны 3-р сард Монгол Улсынхаа анхны эмэгтэй генерал болсон. Би өөрөөрөө бахархаж байсан хэдий ч надад нэлээд ахадсан мэт санагдаж ихээхэн эмээж байв. Энэ бол манай улсын олон мянган дүрэмт хувцастай эмэгтэй алба хаагчдын хүсэл тэмүүлэл юм. Ийнхүү миний тушаал ахисан явдал олон эмэгтэй алба хаагч урам зориг өгч, ийм амжилтанд хүрч чадна гэж итгэхэд хүргэж байгаа нь надад маш их үнэ цэнэтэй санагддаг.
Эрэгтэйчүүд давамгайлсан орчинд энхийг сахиулагч эмэгтэйчүүд зөрчил, мөргөлдөөнийг багасгах, урьдчилан сэргийлэхэд тусалдаг ба мөргөлдөөний үеэр болон дараа нь олон нийтийн, тэр дундаа эмэгтэйчүүд, охидын хэрэгцээг үр дүнтэй шийдвэрлэх эерэг хандлагыг бий болгодог.
Эмэгтэйчүүдийн оролцоог зөвтгөх үндэслэл хайх шаардлагагүй
Гэсэн хэдий ч Монголын эмэгтэй энхийг сахиулагчид энхийг сахиулах чадавхиа бүрэн дүүрэн хөгжүүлэхэд саад учруулдаг янз бүрийн сорилт бэрхшээлтэй тулгардгийг би анх үүрэг гүйцэтгэж байх үедээ ажигласан. Жишээлбэл, эмэгтэй энхийг сахиулагчдад, ялангуяа цэргийн ангиудад тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг нь тэднийг баазыг орхин орон нутгийн иргэдтэй харилцах боломж олгох нь ховор байдаг явдал байв. Хүлээн авагч улс орны нутгийн иргэдтэй харилцах нь зарчмын хувьд онцгой ач холбогдолтой боловч бодит байдал дээр энэ нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн хувьд цэргийн анги дээрээ эмэгтэйчүүдтэй уулзан тэдэнд урам зориг өгөх, туслах, тэдэнтэй харилцах зэргээр хязгаарлагддаг. Иймд энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн хийдэг үүрэг даалгаврыг гүйцэтгэх боломжийг олгох, нэмэгдүүлэх явдал чухал байна.
Эрт дээр үеэс эрэлхэг дайчин эмэгтэйчүүд олон байсныг түүх гэрчилдэг бөгөөд одоо цагт ч зөрчил, мөргөлдөөнтэй бүс нутагт эмэгтэйчүүд олноор үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд зэвсэгт хүчинд эмэгтэйчүүдээс илүүрхсэн хэвээр, эмэгтэйчүүд байлдааны үүрэг гэхээсээ илүүтэй туслах үүрэг гүйцэтгэдэг хэвээрээ л байна. Энэхүү уламжлалт жендэрийн үүргийн хамаарал нь эмэгтэйчүүдийн албан тушаал ахих, аюулгүй байдлын салбарт карьер, зэрэг дэвшихэд саад тогтгор учруулдаг.
Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог цаашид зөвтгөх үндэслэл хайх шаардлагагүй."
Редакторын тэмдэглэл: Энэ цаг мөчид Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 890 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх амлалтын дагуу нийт энхийг сахиулагчдын 21.43%, цэргийн албан хаагчдын 7.77%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.
энэхүү нийтлэл нь анх НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны блогт нийтлэгдсэн болно.