Хэвлэлийн мэдээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75 жилийн ойг ёслон тэмдэглэлээ

2020 оны аравдугаар сарын 22

  • 10 дугаар сарын 24-ний өдөр нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) байгуулагдсан өдөр бөгөөд 1945 онд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болсоны ойг энэ өдөр ёслон тэмдэглэдэг уламжлалтай билээ. 2020 онд НҮБ-ын 75 жилийн ой тохиож байна. Дэлхий нийтийг цар тахал нөмрөөд буй нь уг байгууллагыг байгуулсан эрхэм зорилгыг урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болохыг илтгэн харуулж байна.
Prime Minister of Mongolia U. Khurelsukh participated in UN Day event
Тайлбар: Монгол Улсын Ерөнхий сайд У, Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Зургийг: © UN Mongolia

10 дугаар сарын 22-ны өдөр Гадаад хэргийн яаманд энэхүү онцгой өдрийг тохиолдуулан зохион байгуулсан албан ёсны арга хэмжээний үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра Монгол Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён У. Хүрэлсүх болон бусад хүндэт зочдыг халуун дотноор угтан мэндчилэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён У. Хүрэлсүх энэхүү арга хэмжээний үеэр ойн баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ:

“Эдүгээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь манай улсын хөгжлийн чухал түнш байгууллагууд юм. НҮБ-ын нийт хамт олонд ядуурал, хүний эрх, засаглал, ардчилал, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, тусгай хэрэгцээ бүхий хүмүүс болон байгаль орчин зэрэг хөгжлийн бүхий л чиглэлээр биднийг дэмжиж, бидэнтэй үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд дахин талархал илэрхийлэхийг хүсч байна” хэмээв. 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-д тод томруун манлайлал, дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Мишра чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.

“Монгол Улс нь дэлхийн түвшинд хүрч ажилладаг, НҮБ-ын идэвхтэй гишүүн улс бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг” хэмээн тэрээр уг арга хэмжээний нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс нь, 2016 онд батлагдсан Монгол Улсын урт хугацааны бодлогодоо (Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030) Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг (ТХЗ) тусган өгч уг зорилгуудыг ханган биелүүлэх үүрэг хүлээсэн анхны улс орнуудын нэг билээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг залгамжилж буй “Алсын хараа -2050” нь илүү өргөн цар хүрээг хамарсан хөгжлийн баримт бичиг юм.   

Ноён Мишра Монгол Улсын Засгийн газар ТХЗ-ыг хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргасан явдлыг үнэлж буйн сацуу урт хугацааны хөгжлийг дэмжин, эмзэг бүлгийнхэнд хэрэгцээтэй байгаа халамж, дэмжлэг авдаг байх нөхцлийг хангах, Монголын нэг ч иргэнийг хөгжлөөс орхигдуулахгүй байхын тулд улам илүү ихийг хийж болох, мөн хийх шаардлагатай байгаа талаар цохон тэмдэглэв. 

Ийм ч учраас, НҮБ нь 2020 оны туршид, дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүмүүсийн сайн сайхан ирээдүйн төлөөх дуу хоолойг сонсохыг эрэлхийлж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь төлөөлөл, 470 хүн ​​оролцсон нийт 12 удаагийн зөвлөлдөх уулзалтаар дамжуулан Монголын нийгмийн бүхий л давхаргын дуу хоолойг сонсч, дэлхий даяарх харилцан ярианд нэгдээд байна. Түүнчлэн, 1400 гаруй иргэдийг цахим санал асуулгад хамрууллаа.   

Монголын ард түмэн ч дуу хоолойгоо ил тод, нээлттэй илэрхийлж, идэвхтэй оролцлоо. Монголчууд, Монголын нүүдлийн мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буйд санаа зовниж байна. Нийгмийн эмзэг бүлгийнхэн эрх тэгш, хүртээмжтэй нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдахыг хүсч, амьжиргааны баталгаагаа хангахын төлөө чармайцгааж байна. Монголчууд зохистой ажлын байраар хангагдах болон бүгдийн амьжиргааг нь дээшлүүлж чадах тийм л илүү сайн, илүү хүртээмжтэй эдийн засгийн сэргэлт, өсөлт бий болно гэдэгт итгэл төгс байгаа нь илт байна.

Дэлхий ертөнц урьд өмнө тохиолдож байгаагүй цар тахалтай нүүр тулсан энэ үед, Монгол Улс дахь НҮБ-ын хамт олон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу хүний амь насыг аврах, хүмүүсийг хамгаалах, хямралаас түргэн гарахад анхаарлаа хандуулж байна. Үүний тулд олон талт хамтын ажиллагааны гурван нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болох КОВИД-19-ийн эсрэг Нийгэм-эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 

НҮБ-ын Монгол Улс дахь системийн байгуулагууд нь Монгол Улсад үзүүлж буй үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй, уялдаатай болгохын тулд “Нэг НҮБ” зарчмын дор нэгдэн ажиллаж байна. Ийнхүү НҮБ нь Монгол Улс КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй уналтыг дөмөгхөн давахад нь дэмжлэг үзүүлэх чин эрмэлзэл өвөрлөн ажиллаж байна.

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд