Хэвлэлийн мэдээ

Монгол Улс Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг боловсруулж байна

2026 оны зургаадугаар сарын 25

2026 оны 6 сарын 25, Улаанбаатар хот - Монгол Улс дахь НҮБ болон Засгийн газар хамтран Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.  

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл (EU-ITDM), Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ITTLLDC)-тэй хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр (2024–2034)” Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2024 оны 12 дугаар сард баталсан Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих 10 жилийн хугацааны баримт бичиг юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улс орон бүр үндэсний хэрэгжилтийн стратеги боловсруулж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтээ тусган хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Монгол Улс нь Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах хэлэлцээний үйл явцад анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улс Австри Улстай хамтран Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хамтран удирдан зохион байгуулж, баримт бичгийг батлуулах үйл явцад чухал хувь нэмэр оруулсан юм.

Уг хөтөлбөрийг танилцуулан сурталчлах анхны зөвлөлдөх уулзалтыг Төр захиргааны байгууллагууд, Судалгааны хүрээлэнг оролцуулан 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтын зорилго нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг хамтран хэлэлцэж эцэслэхэд оршиж байна.  

Уулзалтад төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд болон холбогдох байгууллагуудын 60 гаруй төлөөлөгч оролцож, Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд салбар тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төслийг боловсруулав. Улмаар төлөвлөгөөний төслийг Засгийн газарт танилцуулах юм. 

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийбаяр хэлэхдээ “Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд тууштай ахиулж ирсэн бөгөөд Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, батлуулах үйл явцад идэвхтэй манлайлан оролцсон. Энэхүү 10 жилийн хөтөлбөр нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй бүтцийн сорилтуудыг шийдвэрлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, тээвэр ложистик, дижитал болон ногоон шилжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөгөө боловсруулж, улмаар Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна” гэв.
 



---
Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай

Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр (2024–2034) нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих 10 жилийн олон улсын хүрээ баримт бичиг бөгөөд дараах таван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд: 1) Бүтцийн өөрчлөлтшинжлэх ухаантехнологиинноваци, 2) Худалдаахудалдааг хөнгөвчлөх арга хэмжээ болон бүс нутгийн интеграц, 3Транзит тээвэртээврийн дэд бүтэц ба холболт, 4) Уур амьсгалын өөрчлөлтгамшгийн эрсдэлийг даван туулах чадавхтэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, 5) Хэрэгжилтийн хэрэгсэл болон олон улсын хамтын ажиллагаа юм. Уг хөтөлбөрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2024 онд баталж, 2025 оны дугаар сард Туркменистан улсын Аваза хотноо болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар дэмжин баталгаажуулсан юм.

---

Холбоо барих:

Д. Соёлмаа, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
И-мэйл: Soyolmaa.dolgor@un.org

З. Хүслэн, Монгол Улсын Засгийн газрын Гадаад харилцааны яам
И-мэйл: khuslen@mfa.gov.mn

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд