Хувийн нууцаа хамгаалуулах эрхийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд Монгол Улс нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг шинжээч сануулав
2025 оны дөрөвдүгээр сарын 14
ЖЕНЕВ ХОТ (2025 оны 4-р сарын 14-ний өдөр)
Монгол Улс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан нь зөв алхам бөгөөд хүний хувийн мэдээлэл, өгөгдлийг хамгаалах эрх зүйн орчныг цогц хэлбэрээр шинэчилж буйг НҮБ-ын шинжээч онцлохын хамт эдгээрийг хэрэгжүүлэх механизмд нэмэлт өөрчлөлт хийхийг уриалав.
Хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс тус улсад нэг долоо хоногийн хугацаанд ажилласан. Айлчлалынхаа төгсгөлд тэрээр "Хүн амын дунд, ялангуяа эмзэг бүлгийнхэнд тулгарч буй цахим хуваагдлыг арилгаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг Засгийн газарт хандан уриалж байна. Цаашид ч олон сорилт тулгарах бөгөөд хийх ажил их байна. Энэ бүхэнд улс төрийн хүсэл зориг нэн чухал болох нь тодорхой юм" хэмээн мэдэгдэв.
Тэрээр "Засгийн газар цахим шилжилт хийж, цахим нийгэмд шилжихийг тэргүүлэх чиглэлээ болгосон хэдий ч сорилт бэрхшээлүүд тулгарч, санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь хүний үндсэн эрх болохыг ойлгуулахын тулд хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай" хэмээн мэдэгдэлдээ дурдлаа.
Тусгай илтгэгч эрүүл мэндийн гэх мэт хүний хувийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, тандалт, хяналтын механизм, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэ тутам гарч буй технологиуд, эмзэг бүлгийнхэнд тулгарах эрсдэл зэрэг хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой олон асуудалд үнэлгээ шинжилгээ хийжээ.
“Монгол Улс кибер аюулгүй байдлын халдлагад үр дүнтэй хариу арга хэмжээ авах бодит сорилттой тулгарсан тул илүү бат бөх хамгаалалтыг бий болгох шаардлагатай. Технологийн инновац чухал хэдий ч хүний эрхэд суурилсан хандлагыг баримтлах, технологийн бүх дэвшлийн төвд хувь хүнийг тавих, улмаар эрсдэлийг бууруулж, цахим хэрэглээний боловсролыг дээшлүүлснээр иргэд хувийн мэдээллээ хамгаалуулах эрхээ илүү сайн баталгаажуулж чадна" гэж шинжээч дүгнэв.
Олон улсын түвшний ойлголт хандлага, боловсрол, ил тод байдал, олон талт хамтын ажиллагаа, уялдаа нийцэл, стандартчлал чухал бөгөөд Засгийн газар энэ сорилтыг даван туулах эрмэлзэлтэй байгааг эксперт онцлон тэмдэглэв.
Тусгай илтгэгч айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хот болон Налайх дүүрэгт төрийн хаагчид, үндэсний байгууллага, институциуд, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний болон бизнесийн салбарын төлөөлөгчид, НҮБ-ын Удирдлагын баг зэрэгтэй уулзаж, харилцан мэдээлэл солилцов. Тэрээр айлчлалын тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2026 оны гуравдугаар сард танилцуулна.
Доктор Ана Брайан Нугререс нь Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч юм.
Тусгай илтгэгч нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэдэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. Тусгай илтгэгчид, Хараат бус шинжээчид, Ажлын хэсгийн гишүүд нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогддог хараат бус хүний эрхийн шинжээчид бөгөөд нийтэд нь Тусгай журам хэмээн нэрлэдэг. Тусгай журмын шинжээчид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд хийж буй ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй. Хэдийгээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар (ХЭДКГ) нь Тусгай журмын шинжээчдийн ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг ч уг шинжээчид НҮБ, ХЭДКГ зэрэг байгууллага, засгийн газраас хараат бусаар ажилладаг.
Энд дурдаж буй үзэл бодол, санал нь зөвхөн зохиогчийнх бөгөөд НҮБ болон ХЭДКГ-ын байр суурийг төлөөлөхгүй. НҮБ-ын хүний эрхийн механизмууд, тухайлбал тусгай журам, гэрээний хороод, Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг зэрэг тухайн улсын талаарх ажиглалт, зөвлөмжийг “Хүний эрхийн түгээмэл индекс” https://uhri.ohchr.org/en/ цахим хуудсаас танилцана уу.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын вэб хуудас дахь Монгол Улсын талаарх мэдээлэл: https://www.ohchr.org/en/countries/mongolia,
Хэвлэл мэдээллийн нэмэлт мэдээллийг hrc-sr-privacy@un.org хаягаар холбогдож авна уу.
НҮБ-ын хараат бус шинжээчидтэй холбогдох хэвлэл мэдээллийн нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Майя Деруаз (maya.derouaz@un.org), Дхариша Индрагуптха (dharisha.indraguptha@un.org) нартай холбогдоно уу.
НҮБ-ын хараат бус хүний эрхийн шинжээчдийн тухай мэдээлэл авахын тулд Х нийгмийн сүлжээний @UN_SPExperts хаягийг дагана уу.