Хэвлэлийн мэдээ

Цэлмэг тэнгэр цэвэр агаарын төлөөх олон улсын өдөр

2022 оны есдүгээр сарын 07

Бидний амьсгалж буй агаар нэг

2019 оны 11-р сарын 26-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооноос жил бүрийн 9-р сарын 7-ны өдрийг “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” Олон улсын өдөр (цаашид өдөр гэх) болгон тэмдэглэж байх тухай тогтоол баталсан билээ.

Дэлхий нийтээрээ энэ өдрийг гурав дахь жилдээ буюу 2022 онд тэмдэглэх гэж байна. Энэ жилийн сэдэв бол “Бидний амьсгалж буй агаар нэг” юм

Цэлмэг тэнгэрт цэвэр агаарын Олон улсын өдрийг тэмдэглэхийн гол утга агуулга нь цэвэр агаарын төлөөх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд сонирхогч бүхий л талуудын хүчийг нэтгэхэд чиглэж байгаа юм. Энэ нь дэлхий улс орнуудад агаарын чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх улс төрийн эр зориг бэхжүүлэх платформ болж өгнө. Энэхүү өдрийг тэмдэглэснээр шинжлэх ухааны судалгаа нотолгоог нэмэгдүүлэх, тоо мэдээллийг сайжруулах, засгийн газар, хувийн хэвшил, олон нийтийн зүгээс агаарын чанарыг сайжруулах, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахад чиглэсэн тодорхой шийдвэр, арга хэмжээ авахад нь тус болох арга хэрэгслийг бий болгох зэргээр агаарын бохирдлын талаарх дэлхий нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгыг мөн агуулж байгаа юм.

Зорилго

  • Агаарын бохирдлын эх үүсвэрүүд, тэдгээрээс хүний эрүүл мэнд, эх дэлхийд учирч буй нөлөө, агаарын чанарыг сайжруулах боломжит шийдлүүдийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, 
  • Агаарын чанар нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн төлөв байдал, бохирдол (бусад хэлбэрүүдтэй холбоотой) болон эдийн засгийн хөгжил, тухайлбал, тогтвортой хотжилт, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэх зэрэг байгаль орчны болон хөгжлийн бусад асуудлуудтай нягт уялдаа холбоотой байгааг харуулах.
  • Агаарын чанарыг сайжруулах шийдэл нь улс орны үндэсний хөгжил, эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг шийдвэрлэхэд ашиг тусаа өгөхийн зэрэгцээ дэлхийн уур амьсгал, байгаль орчин, хөгжлийн зорилтод дорвитой хувь нэмэр оруулж чадах талаар илүү тодруулж мэдээлэх.
  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний болоод бүс нутаг, олон улсын хамтарсан арга ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хүртээмжтэй бөгөөд олон талын оролцоотой түншлэлийг бэхжүүлэх.
  • Агаарын бохирдол нь хүн амын хамгийн эмзэг, эрсдэлд өртөмтгий, өөрсдийгөө хамгаалах хөрөнгө  нөөц багатай хэсэг, ялангуяа хүүхэд, ахмад настнуудад харьцангуй ихээр нөлөөлөхийн зэрэгцээ, экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх.
  • Өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд харьцангуй ихээр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд тэмдэглэлт өдрөөр дараах зорилтуудыг дэвшүүлж байна.    

  • КОВИД-19-ын халдварт өртөмтгий байдал нэмэгдсэнтэй агаарын бохирдлыг уялдуулж судалсан шинэлэг нотолгоог хамруулан Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлийн тохиолдлын тоог 2030 он гэхэд эрс бууруулах.
  • Хамтын ажиллагааг сайжруулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан тоо мэдээлэл цуглуулах, ашиглах, хамтарсан судалгаа, шинжилгээг дэмжих, сайн туршлага солилцох зэргээр агаарын хил дамнасан бохирдлыг бууруулах бүс нутгийн болоод олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  • Орон нутаг, улс орон, бүс нутаг, дэлхийн түвшинд уур амьсгал, цэвэр агаарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, улмаар үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, төлөвлөлт, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх.
  • Түүхий түлш, хатуу биомасс зэрэг эрчим хүчний бохир эх үүсвэрээс татгалзаж, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй ирээдүй рүү шилжихийг дэмжин сурталчлах.
  • 2030 он гэхэд хот суурингийн нэг хүнд ногдох байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулах, тэр дундаа агаарын чанар, ахуйн болон бусад хог хаягдлын менежментэд тусгайлан анхаарал хандуулах

Сэдэв

  • 2022 оны сэдэв нь “Бидний амьсгалж буй агаар” юм.
  • Агаарын бохирдол нь улс орны хил хязгаарт үл захирагдан саад тотгоргүй хаа сайгүй чөлөөтэй тархаж байдаг. Энэ удаагийн сэдэв нь бид бүхэн амьдарч буй орчныхоо агаар мандалд ямар нэгэн хохирол учруулах, аль эсвэл ноцтой асуудал үүсгэх (дээр өгүүлсэн) үйлдэл хийснийхээ төлөөсийг та бид хамтдаа үүрэх болно гэдгийг хүмүүст сануулах зорилготой. Бид зөвхөн өөрсдийнхөө амин хувийн төлөө бус нийт хүн төрөлхтний төлөө илүү их анхаарах хэрэгтэй болж байна. Агаарын бохирдлын үр дагавраас ямар ч улс үндэстэн, ард түмэн ангид байх боломжгүй учир хугацаа алдалгүй яг одооноос хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг юм. Энэ сэдэв нь адил тэгш, аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинг хүн бүрийн үндсэн эрх болгодог бид бүхний эдлэх хүний үндсэн ​​эрхтэй ч мөн холбоотой. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт нь агаарын бохирдолтой салшгүй холбоотой төдийгүй эдгээрийн аль нэгийг нь орхигдуулах аваас нөгөөг нь шийдвэрлэх боломжгүй.
  • Мөн агаарын бохирдлын хил дамнасан шинж чанарт орон нутаг, улс үндэстэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд анхаарал хандуулж, хамтын эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтаар хариуцлага хүлээж, хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай тулгарч байгааг онцолж байна.   
  • Сэдвийг тодорхойлохдоо улс үндэстнүүдийн хэл рүү хөрвүүлэх, ойлгоход хялбар байх, гол агуулга утга санаа нь хүн бүрт төвөггүй ойлгогдохоор боловсруулсан. Тус өдрийн сэдвийг тодорхойлохдоо бүс нутгуудын онцлог нөхцөл, соёл, хэл зүйн нийцэл зохицолыг хангах зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрүүд хэрэгжиж буй бүс нутгуудын мэдээлэл харилцааны ажилтнууд, агаарын чанарын төслийн ажилтнууд, орчуулагч нартай зөвлөлдсөн болно. Өмнөх жилүүдийн нэгэн адил энэ жилийн сэдэв нь олон салбарын хамтрагч талуудын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг онцлон тэмдэглэх хангалттай өргөн хүрээтэй. 

Энэ өдрийн мэдээллийг #TheAirWeShare and #WorldCleanAirDay #БиднийАмьсгалжБуйАгаарНэг #ЦэлмэгТэнгэрЦэвэрАгаар hashtag ашиглан түгээнэ үү.

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. Соёлмаа

Soyolmaa.dolgor@un.org

Утас: 94111220

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

APDIM – UN ESCAP
Asian and Pacific Centre for the Development of Disaster Information Management
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮББОХ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд