Хэвлэлийн мэдээ

Монгол Улсад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах бодлогын оновчтой хувилбаруудыг тодорхойлох чиглэлээр зохион байгуулсан үндэсний семинар

2022 оны хоёрдугаар сарын 21

  • Улаанбаатар хот -- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон бусад төрийн байгууллагуудын  төлөөлөл, эдийн засагч, судлаачид болон НҮБ-ын шинжээчид хамтран Монгол Улсын эдийн засгийг илүү хүртээмжтэй, ирээдүйн цочролд тэсвэртэй, экологийн хувьд тогтвортой болгоход дэмжлэг болохуйц бодлогын загваруудыг хэлэлцлээ.
workshop banner

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) хамтран “Ирээдүйн сайн сайхныг цогцлоох нь: Монгол Улсад хүртээмжтэй, тэсвэртэй, чадамж бүхий ногоон хөгжлийг төгөлдөршүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн үндэсний семинарыг 2022 оны 2-сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улс Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлсоныг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С. Наранцогт семинарыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан суурь дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлогын оновчтой арга хэрэгслийг тодорхойлоход энэхүү семинараар хэлэлцсэн макро эдийн засгийн загварууд нэн чухал болохыг цохон тэмдэглэв.

Уг семинараар, Монгол Улсын дунд хугацааны бодлого төлөвлөлт, хөгжлийн томоохон боломж, сорилтууд, цаашдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогын загваруудын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг авч хэлэлцлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй нэн чухал цаг үед зохион байгуулагдаж буй энэхүү семинар нь цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлон тэмдэглэв.

Тапан Мишра тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс хилээ бүрэн нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид төдийгүй жуулчдыг эдийн засгийн асар их чадамж, нөөцтэй энэхүү үзэсгэлэнт орондоо хүрэлцэн ирэхийг урьсан Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийг сайшааж дэмжиж байна" гэв.

Улс орнуудад Ковид-19 цар тахал, түүний нөлөөнөөс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн уналт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ихээхэн сорилт бэрхшээлүүд тулгараад буй энэ цаг үед, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван хэмжүүрийн хүрээнд илүүтэй ахиц дэвшил гаргаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд бодлогын уялдаа холбоог сайжруулах, цогц арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг оролцогчид онцоллоо.

НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх захирал хатагтай Армида Салсиа Алисжахбана семинарыг нээж хэлсэн үгэндээ улс орнууд Ковидын дараах сэргэлтийн бодлого төлөвлөгөөгөө боловсруулахдаа хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, аливаа хямрал, цочролд бэлэн бөгөөд илүү тэсвэртэй болох улс орнуудын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэргээр урт хугацаанд үр ашгаа өгөх тогтвортой хөгжлийг тусгахыг чухалчилсан юм.

Энэхүү үндэсний семинарт оролцогчид НҮБ-ын АНДЭЗНК-ийн бүс нутгийн макро эдийн засгийн загварт суурилсан, Монгол Улсын нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, байгаль орчны үр дагаварт тохируулсан, үндэсний бодлого төлөвлөлтийн үйл явцад тусгах боломжтой макро эдийн засгийн загварыг ашиглан тооцсон бодлогын хувилбаруудын талаар хэлэлцэв. Үндэсний семинарын дараа загварын таамаглал гаргах, бодлогын хувилбаруудыг хэрхэн бодлоготөлөвлөлтөнд хэрэглэх талаар Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх техникийн семинар зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас авна уу. (англи хэл дээр)

https://www.unescap.org/events/2022/national-workshop-mongolia-building…

 

 

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБАНДЭЗНК
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд