Хэвлэлийн мэдээ

Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2021 оны наймдугаар сарын 22

Малчин сум, Увс аймаг, 2021 оны наймдугаар сарын 19-ний өдөр – Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2003 оны 8-р сарын 19-нд Иракийн Багдад хотын Канал зочид буудалд бөмбөг дэлбэлсний улмаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ирак дахь тусгай төлөөлөгч Сержио Виейра де Мелло зэрэг хүмүүнлэгийн тусламжийн 22 ажилтан амиа алдсан эмгэнэлт үйл явдлыг эргэн дурсаж, дэлхийн нийт хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулан, хүндэтгэх зорилгоор тэмдэглэх болсон юм. НҮБ-ын мэдээлснээр, зөвхөн 2020 он гэхэд хүмүүнлэгийн ажилтнуудаас 475 хүн халдлагад өртөж, 108 хүн амиа алдаж, 242 хүн шархдаж, 125 хүн барьцаалагдаж хулгайлагдсан байна.

Хүндэтгэл үзүүлэв
Тайлбар: Нисдэг тэрэгний ослоор нас барсан 9 хүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв. Увс аймгийн, Малчин сумын Харгайн зуух
Зургийг: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны 1-р сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин сумын нутагт зудын гамшгийн үнэлгээ хийж явсан УИХ-ын гишүүн асан Ш. Отгонбилэг болон НҮБ-ын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл бүхий багийнхны нисдэг тэрэг осолдож, есөн хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдал болсныг монголчууд мартаагүй.

Энэ жилийн Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ-ын баг хамт олон уг эмгэнэлт үйл явдлаар амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг уг осол болсон газарт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Увс аймгийн Малчин сумын удирдлага, НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар Суурин төлөөлөгч Спэсиос Хакизимана болон уг ослоор амиа алдсан НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа агсны гэрийнхний төлөөлөл оролцлоо.

Энэ жилийн Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ нь дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эсрэг бэлэн байдлаа нэмэгдүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын ган зуд, ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг гамшигт үзэгдлийн эрч давтамж нэмэгдэж байгаа бөгөөд аливаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аль болох хохирол багатай даван туулах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.

“Ямар ч гамшиг тохиолдоход эмэгтэйчүүд, охид хамгийн их хохирдог. НҮБ-аас Монгол Улсад өнөөгийн цар тахал, байгалийн гамшгийн үед өртсөн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрийг дэмжих олон нийтэд сурталчлах ажлыг үргэлжлүүлэх болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава тэмдэглэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 2001 оны зудын гамшиг нүүрлэсэн жил малчдад туслахаар яваад амиа алдсан энэрэнгүй үйлстнүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүллээ. Тус ослоор өөд бологсдын дунд:

  1. Ш.Отгонбилэг – УИХ-ын гишүүн (Монгол);
  2. Хатагтай Сабин Мецнер-Страк – НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалт (UNDAC) багийн ахлагч, НҮБ-ын Хүмүүнлэгийн Үйл Хэргийг Зохицуулах Газар (OCHA)-ын Ази, Номхон далай дахь Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга (Герман)
  3. Ноён Жерард Ле Клэр – UNDAC багийн гишүүн, Их Британий Жерси муж дахь Төлөвлөлт ба Байгаль орчны хэлтэсийн Байгаль орчны үйлчилгээний захирал (Британи)
  4. Ноён Мэттью Гирвин – НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан (АНУ)
  5. Б.Баярмаа – Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн ажилтан (Монгол)
  6. Ноён Такахиро Като – NHK телевизийн сурвалжлагч (Япон)
  7. Ноён Минору Масаки – NHK телевизийн зураглаач (Япон) нар байв.
  8. Ноён Ц.Батзориг – "Гамма" агентлагийн гэрэл зурагчин (Монгол)
  9. Ноён Д.Отгон – нисдэг тэрэгний техникч (Монгол)

Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр НҮБ-ын мандатын доор хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож яваадаа НҮБ-ын ажилтнууд бид үргэлж бахархалтай байдаг гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар Суурин Төлөөлөгч Спэсиос Хакизимана хэлэв.

Увс аймгийн засаг дарга Ч. Чимэд дахин хэзээ ч ийм гамшигт осол гаргахгүйн тул бид төр засаг, ард иргэд болон бүх талууд хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Гэгээн дурсгалыг хүндэтгэв
Тайлбар: Хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж яваад амиа алдсан нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэв.
Зургийг: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа
Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХҮХЗГ
НҮБ-ын Хүмүүнлэгийн Үйл Хэргийг. Зохицуулах Газар
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд