Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

2021 оны зургаадугаар сарын 08

  • Улаанбаатар хот – Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр  хүлээн авч уулзан, цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Tapan Mishra with DPM
Тайлбар: Шадар сайд КОВИД19 цар тахлын талаарх тоон мэдээллийн нэгдсэн порталыг танилцуулж байна.
Зургийг: © UNRCO

Нэгдсэн зохицуулалтын баг нь коронавирусын цар тахал нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, эрсдлийн тооцоололд үндэслэж хариу арга хэмжээ авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай санхүүжилтыг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэгтэй хоёр талаас нийлсэн багийн бүрэлдэхүүн байх юм.

Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийнхээ 80 орчим хувийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж, дархжуулалтын аяныг амжилттай сайн зохион байгаад нь НҮБ-ын Суурин зохицуулагч Монгол улсын Засгийн газарт баяр хүргэлээ. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг вакцинд хамруулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн нэлээд хумигдаж эхэлж байсан халдварын тархалт сүүлийн үед дахин нэлээд эрчимтэй нэмэгдэж буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд, хэдийгээр хүн амынхаа ихэнхийг бүрэн вакцинжуулсан ч халдвараас хамгаалах, тархахаас урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг олон улс оронд тохиож буй үйл явдлууд анхааруулж байна хэмээн онцоллоо.

Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтыг үр дүнтэй зохион байгуулж, халдварын тархалтыг зогсоож, урьдчилан сэргийлэх зэргээр Ковид цар тахалтай тэмцэх тал дээр бүх талын дэмжлэг тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудад Засгийн газрын өмнөөс талархлаа илэрхийллээ.

Тэрбээр, сүүлийн үед нэмэгдэж буй халдвар нь 12-17 насны хүүхдүүд болон даржлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн дунд голдуу илэрч буйд санаа зовниж, 12-оос дээш насны хүүхэд залуучууд болон вакцинд хамрагдаагүй иргэдэд 3 төрлийн вакцины сонголт олгож буйгаа дурьдав.  

Засгийн газрын зүгээс ХӨСҮТ-д шинээр баригдаж байгаа төв лаборатор болон вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахыг ирэх саруудад ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа Шадар сайд онцоллоо.

Уулзалтаар, НҮБ-ын санаачлагаар эхлүүлсэн цар тахлын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг нэг дор нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн вэбсайтыг Засгийн газарт хүлээлгэн өгч, цаашид иргэдэд цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж талаар хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш, Монгол Улс дахь элчин сайдын яамдын төлөөлөл бүхий КОВИД-19-ийн цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар тахалтай тэмцэхдээ олон улсын зарим үр дүнтэй арга хэмжээ, туршлагаас судлах зэргээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Хөгжлийн зохицуулалт - Мэдээлэл харилцааны мэргэжилтэн

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд