Тэд бол манлайлагчид

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих аяны хүрээнд өөр өөрийн салбартаа охид эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө түүчээлж буй 3 эмэгтэйг НҮБ-ын Хүн амын сан онцлов.

уянга
Олон эмэгтэйчүүдийн өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжиж тусалж яваа залуу энтрепрюнер Уянга

Уянга 3 хүүхдийн ээж төдийгүй, хувиараа бизнес эрхлэгч. Тэрээр “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч ба 2017 онд өөрийн бизнесээ 500,000 төгрөгтэйгээр эхэлж байжээ. Түүнийг бизнесээ эхлэх үед хүүхдүүд нь төрөөд удаагүй, нялх балчир байсан хэдий ч шантралгүйгээр 4 жилийн турш бизнесээ тасралтгүй үргэлжлүүлж байна.

Заримдаа хүмүүс түүнд "Бага насны 3 хүүхдийн хажуугаар, хувийн бизнес хийх нь хэцүү юм биш үү, одоохондоо больсон нь дээр юм биш үү" гэж хэлдэг ч, тэрээр "Xүүхдүүд маань миний мөрөөдлөөсөө хойш суух шалтгаан биш, харин ч урагш тэмүүлэх шалтгаан болдог" хэмээн ярьсан юм. 

“Хүүхдүүд бидэнд тэвчээр хатуужлаас эхлээд бусдын төлөө байх гэх мэт маш олон зүйлийг сургадаг. Миний бодлоор эмэгтэйчүүд энэ чанараараа бизнесийн талбарт ч ялгарч чаддаг гэж боддог" хэмээн Уянга ярьж байна. Уянга бизнесээ эхлүүлснээс хойш том жижиг олон бэрхшээлтэй тулгарсан ч шантрах, орхих, болих талаар огт бодож байгаагүй гэв. 

Уянга ээжтэйгээ өссөн ба өрх толгойлсон ээжүүд ямар бэрхшээл туулдгийг маш сайн мэддэг. Тиймээс ч ганц бие ээжүүд төдийгүй ямар ч насны ээжүүдтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байдаг. Тэдэнтэй уян хатан нөxцөлөөр хамтран ажиллахыг үргэлж хичээдэг хэмээн ярив.

Энэ жил цар тахлын хүнд үед Уянга, "Гоолингоо" бизнес групптэй хамтран гэртээ хүүхдээ харж буй 500 гаруй ээжид хувийн бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар сургалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд тус сургалтад хамрагдсан 5 оролцогч сургалтаас сурч мэдсэн зүйлээ ашиглан өөрсдийн бизнесээ эхлүүлээд байгаа аж. 

Ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар асуухад Уянга компаниа үндэсний хэмжээнд өргөжүүлэн тэлээд зогсохгүй 100 хувь дотоодын түүхий эд, материал ашигласан Монгол улсын нэр хүндрийг өргөсөн брэндийг гаднын зах зээлд экспортлохыг зорин ажиллаж байгаагаа бахархалтайгаар ярьсан юм.

МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Уянгын ярилцлага

дэлгэрцэцэг
БЗД-ийн цагдаагийн хэлтсийн офицер Дэлгэрцэцэг

Дэлгэрцэцэг багаасаа л цагдаа болохыг мөрөөддөг байжээ. Учир нь түүний аав цагдаагийн байгууллагад 32 жилийн турш тасралтгүй ажилласан нэгэн эрхэм бий. Дэлгэрцэцэг бага  наснаасаа аавынхаа хэрхэн ажиллаж, бусдад хэрхэн хүндлэгдэж буйг харж өссөн бөгөөд энэ нь түүний мэргэжил сонголтод нөлөөлсөн гэв.

Дэлгэрцэцэг 2008 оны намар мөрөөдлөө биелүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жилийн турш цагдаагийн албан хаагчаар ажиллаж байна. Түүнчлэн, Дэлгэрцэцэгийн гэр бүлийн хүн мөрдөн байцаагчаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажиллаж байгаа бөгөөд тэд гэр бүлээрээ олон нийтийн аюулгүй байдлын төлөө зүтгэж байна. 

Дэлгэрцэцэгийн сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл бол Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй, тасралтгүй өсч байгаа явдал хэмээн тэрээр хэлсэн бөгөөд “эхнэр нөхөр хоёр бие биенээ илүү сайн ойлголцож, тэдний харилцаа хүчирхийлэл болж хувирахаас өмнө сайтар ярилцаж асуудлаа шийдвэрлэж сурах хэрэгтэй” гэж тэрээр зөвлөж байна. Гэр бүлийн уур амьсгалаа сайн сайхан байлгахыг хичээж, алхам бүрээ анхаарч чадвал гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл аяндаа байхгүй болно гэдэгт Дэлгэрцэцэг итгэдэг.

Тэрээр архины хамаарал гэр бүлийн хүчирхийлэл ихсэхэд томоохон түлхэц болж байгааг бас онцлов. 

Монгол Улс 2020 оны 11-р сараас эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжин цагдаа болон бусад төрийн албан хаагчдыг дайчлах замаар хатуу хөл хориог тогтоосон билээ. Энэ үеэс эхлэн одоог хүртэл Дэлгэрцэцэг болон түүний гэр бүлийн хүн тасралтгүй эргүүлд гарч ажилласаар байна. 

Дэлгэрцэцэг болон түүний нөхрийн хувьд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, хүүхдээ асрах цаг, цар тахлын үед улам хомс болж буй. Тэд цар тахлын эсрэг олон нийтийг аюулгүй байлгахын төлөө ажиллаж байгаа олон мянган хүмүүсийн төлөөлөл билээ.  Цар тахлын хүнд хэцүү үед өглөө үүрээс эхлэн, үдэш бүрий болтол Дэлгэрцэцэг нөхрийн хамт ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хооронд тэдний том охин гэрийн ажлыг хариуцан, нялх дүүгээ харж хандахад аав ээждээ тусалж байгаа аж.

Дэлгэрцэцэг болон түүний нөхөр "Залуу хосуудад бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцаа байгаа цагт гэр бүл аливаа асуудлыг даван туулж чадна" гэж үздэг ажээ. Тэд завгүй хуваарьтай ажилладаг тул тэдэнд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хамтдаа байх боломж тэр бүр байдаггүй. Гэсэн хэдий ч үүнд хэн нэгэн нь бухимдах, уурлах асуудал гаргадаггүй. Бие биенийхээ ажилд үргэлж хүндэтгэлтэй ханддаг хэмээн ярилаа. 

Дэлгэрцэцэг бусад хүмүүсээс өөр ажлын санал авч байсан удаа цөөнгүй бий гэв. Гэвч тэр насан туршийн мөрөөдлөө орхихыг хүсэхгүй байгаа бөгөөд ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалахад өөрийнх нь гүйцэтгэх үүрэг маш их гэдэгт итгэдэг. 

МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Дэлгэрцэцэгийн ярилцлага

Одончимэг
Үйлчлүүлэгчдээ нэн хэрэгтэй тусламжийг үзүүлдэг нийгмийн ажилтан Одончимэг

Одончимэг бусдад туслах хүслээсээ үүдэн Нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгон ажиллаж эхэлжээ. Тэрээр сүүлийн 14 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр өөрийн хариуцдаг хорооныхоо хүнд нөхцөлд амьдарч буй эмзэг бүлгийн хүмүүст, тэр дундаа ганцаараа амьдардаг ахмад настнууд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүчирхийлэлд өртөгсөд болон үйлдэгчдэд туслалцаа үзүүлж байна. 

Одончимэгийн өдөр тутмын ажил нь олон цагаар гадуур явах ба айлуудаар очиж эргэх, нөхцөл байдалтай танилцаж үнэлэх, шаардлагатай тусламж үзүүлдэг байгууллагуудтай  иргэдийг холбох явдал юм. 

Үүнээс гадна, Одончимэг гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлууд дээр ажиллахдаа тэдний амьдралын нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаж, даван туулагч болон хүчирхийлэгчийн аль алиныг ойлгон, туслахыг хичээдэг. Жил ирэх тусам хүчирхийлэлд өртсөн хүмүүс өөрсдийгөө хамгаалуулах зорилгоор дуудлага өгөх нь нэмэгдэж, энэ талын илрүүлэлт сайжирч байгааг тэр онцлов. 

Гэсэн хэдий ч хүчирхийлэлд өртөгчдийн эрхийг хамгаалсан холбогдох хууль тогтоомжийн талаар олон нийтийн дунд мэдлэгийн зөрүү байсаар байгааг тэр онцлов. Нийгмийн ажилтнууд болон бусад анхан шатны албан тушаалтнууд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тал дээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг тэрээр онцлов. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл илт нэмэгдэж байгаа нь COVID-19 хөл хорионы үеэр түлхүү ажиглагдсан байна. Одончимэг тусламж хүсч буй хүчирхийллийг даван туулагч хүмүүст нийгмийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүчирхийлэл үйлдэгчидтэй идэвхтэй хамтран ажиллахыг хичээдэг. 

Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зан үйлийн эмгэг болон архины хамааралтай хүмүүст хандлага, зан үйлийг нь өөрчлөхөд нь туслах, дэмжлэг үзүүлэх сургалтыг санаачлан зохион байгуулахаас гадна дэмжих бүлгийг хороондоо үүсгэн байгуулжээ. "Эхэндээ амаргүй ажил байсан хэдий ч эерэг үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн" гэдгийг тэр онцлов. Ажилдаа сэтгэлээсээ хандан, санаачлага гарган ажиллаж чадвал нийгэмд сайн сайхан өөрчлөлтүүд гарсаар байх болно гэдэгт Одончимэг итгэдэг. 

Тэрээр шөнийн цагаар эсвэл амралтын өдрүүдэд ажиллах тохиолдол тун элбэг. Гэвч тэр бүрт "Xэцүү байна, энэ ажлыг больё гэсэн бодол төрдөггүй, харин ч бусдын төлөө энэ ажлыг хийж байна гэж бодохоор урам зориг авдаг" хэмээн ярилаа.

Одончимэг нийгмийн ажилтан байж, хүмүүст амьдралаа сайн сайхан болгоход туслах нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэж үздэг. 

МҮОНТ-ийн Гэр бүл сувагт өгсөн Одончимэгийн ярилцлага

--------

Эмэгтэйчүүдийн манлайллыг алдаршуулах, тэмдэглэх сарын аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас ХНХЯ болон МҮОНТ-ийн Гэр бүл сувагтай хамтран бэлтгэв. Энэхүү нийтлэл анх НҮБ-ын Хүн амын сангийн вэбхуудаснаа нийтлэгдсэн болно.

Нийтлэлийг бичсэн
Зохиогч
Каори Ишикава
Тэргүүн
НҮБХАС
Kaori
Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан