Кoвид-19-ийн вакцин итгэл найдварыг бий болгож байгаа боловч бүхнийг шийдэх шидэт зүйл биш юм

Ковакс хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх сараас оруулж ирэхээр зорьж байна.

Ковид-19-ийн цар тахал дуусах болоогүй байна. Дэлхий дахинд Ковид-19-ийн 100 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 2 сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Энэ бол зүгээр нэг тоо биш, үүний цаана хүмүүс байгаа. Халдвар авсан, эндсэн хүн бүр өөрийн гэсэн нэр, өөрийн гэсэн түүхтэй. Тэдгээр хүмүүс хэн нэгний аав, ээж, хүүхэд, ах, эгч эсвэл өвөө, эмээ нь юм. 

Бид цар тахал гарснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ өвчний талаар олон туршлага хуримтлууллаа. Вирусийн тархалтыг удаашруулах, зогсооход юу хийх шаардлагатайг бид мэддэг болсон. Амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зай барих нь халдварын тархалтыг зогсоож, олон хүний амь нас эндэхээс сэргийлж байна. Хэдийгээр хөл хорио тогтоох, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх зэрэг хөл хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн үр дагавар ихтэй ч бүх нийтээрээ дагаж мөрдсөн тохиолдолд халдварын тархалтыг зогсооход үр дүнтэй арга гэдгийг бид мэддэг боллоо. Гэвч цар тахлыг бүрэн зогсооход хялбар биш байна. Харамсалтай нь цар тахал дуусах болоогүй байна.

Ковид-19-ийн цар тахалтай хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ үед вирустэй тэмцэх нэмэлт арга хэмжээ бидэнд итгэл найдварыг авчирч байна. Бид Ковид-19-ийн шинэ, аюулгүй, үр дүнтэй вакцины хөгжүүлэлтийн талаар өөдрөгөөр харж байгаа ч хүмүүс вакцин болон дархлаажуулалтын талаар олон асуулт тавьж байна. Эдгээр асуултад хялбар хариулт өгөх боломжгүй байна.

Бид 2021 оны ирэх саруудад вакцины эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хэт давна хэмээн таамаглаж байна. Тиймээс халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугаманд ажиллаж байгаа албан хаагчид, хүндээр өвдөх эрсдэлтэй настангуудыг нэн түрүүнд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ингэж эрэмбэлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ачаалал үүсэхээс сэргийлж, хүмүүсийн амь насыг хамгаалах зорилготой. Ковакс механизмаар дамжуулан дээр дурдсан зорилтот бүлгийн хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангахаар зорин ажиллаж байна.   

Үүний дараа энэ оны сүүлээр нийт хүн амын 20 хувь болох архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүндээр өвчлөх эрсдэл бүхий зорилтот бүлгийг дархлаажуулах вакциныг ханган нийлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн ихэнх улс орнуудад хүн амаа дархлаажуулахад тодорхой цаг хугацаа шаардагдаж байна. Вакцины үйлдвэрлэл, хүргэлттэй холбоотой асуудлууд нь дархлаажуулалт хийх цаг хугацааг тодорхойгүй болгож байна.  

Улс орны засгийн газар, ДЭМБ болон түншлэгч талууд хамтран Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудад эхний ээлжийн вакциныг аль болох хурдан хугацаанд оруулж ирэхээр шаргуу ажилласаар байна. Гэхдээ вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. Вакцинжуулалтыг бидний өнөөгийн байнга хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй хавсруулан авч хэрэгжүүлснээр цар тахлын хариу арга хэмжээг бэхжүүлэх нэмэлт чухал хэрэгсэл болох юм. 

Одоо мэдэгдэж байгаагаар Ковид-19-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь та вакцин хийлгэснээр өөрөө өвдөхөөс сэргийлэх боловч вирусийг бусдад тарааж болзошгүй гэсэн үг юм. Мөн ямар ч вакцин 100% үр дүнтэй байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцин хийлгэсэн ч одоогийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.  

Хүн амын дундах халдварын тархалт, дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орнуудад хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуйг сахих, өвдсөн тохиолдолд гэртээ байх, олон хүнтэй газраар явахгүй байх зэрэг өнгөрсөн хугацаанд дагаж мөрдсөн бүх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Халдварын тархалтыг зогсоосон, хязгаарласан улс орнуудад халдвар тархаж, дэгдэлт гарах эрсдэл байнга байсаар байна. Тиймээс бид энэ нөхцөл байдалд бэлэн байдлаа ханган, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. 

Дархлаажуулалтад хамрагдсан хүн ам нэмэгдэж байгаа ч бид хамгаалах арга хэмжээгээ сулруулах ёсгүй. Цар тахлын улмаас газар бүрт хүмүүс туйлдан ядарч байна. Дэлхийн бүх улс орон аюулгүй болтол аль ч улс дангаараа аюулгүй болох боломжгүй юм. Улс орон бүр ихэнх хүн амаа дархлаажуулалтад хамруулах хүртэл халдварын тархалтыг удаашруулах, сэргийлэх зорилгоор өнөөгийн авч буй арга хэмжээгээ үргэлжлүүлэн бэлэн байдлаа хангах хэрэгтэй.  

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг хүн бүр үргэлжлүүлэн даган мөрдөж, бидний хамтдаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нийт хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бодохыг Монгол Улсын ард түмнээс хүсэж байна. Цар тахлын үйл явцад нөлөөлөх хүч хүн бүрт байгаа.

Бидэнд хийх ажил маш их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Ковид-19-ийн цар тахлын эсрэг нягт хамтран ажилласаар байх болно. Бид бүгд хамтдаа.  

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Каса

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага