Хэвлэлийн мэдээ

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг: Боловсролын ирээдүйн талаар хэлэлцлээ

2022 оны долдугаар сарын 05

  • Улаанбаатар хот --  Өнөөдөр зохион байгуулсан "Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлгээр насан туршдаа суралцах боломжийг өөртөө агуулсан аюулгүй, чанартай, уян хатан, дижитал технологийн тэгш хүртээмжтэй байдлыг хангасан  боловсролын тогтолцоо бол Монгол Улсын боловсролын ирээдүй гэж томьёолов.
Transforming education
Тайлбар: Салбар хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг танилцуулж байгаа нь

Дөч гаруй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 130 гаруй оролцогчид Монгол Улсын боловсролын тогтолцоог хэрэгцээнд тулгуурласан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтолцоо болгон хувьсган өөрчлөх зорилт, бодлогын зөвлөмжийг дэмжлээ.

Үндэсний нэгдсэн хэлэлцүүлгийн өмнө залуучууд, сурган хүмүүжүүлэгчид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон үндэсний салбар хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулаад байна. Эдгээр Монгол Улсын боловсролын салбарт нэн шаардлагатай шилжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн зөвлөлдөх уулзалтуудаар нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл болох хот, хөдөөгийн 10-аас 60, түүнээс дээш насны иргэд, хүүхэд, залуучууд, эцэг эхчүүд, охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэсэн юм.

Participants at TES

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Боловсролын сайд Л. Энх-Амгалангийн удирдлага дор, ТХЗ-д хүрэх ахиц дэвшлийг, тэр дундаа  Ковид-19 цар тахлаас үүдсэн хор хохирол, ухралтын дараа хурдасгахад чиглэсэн НҮБ-ын гишүүн орнуудын бодлогын баримт бичиг болох “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих хүрээнд зохион байгуулав.

БШУ-ны сайд Л. Энх-Амгалан олон талын оролцоог сайтар хангаж гэмээнэ алдаа мадаггүй, хүртээмжтэй, үр дүнтэй бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх боломжтойг онцолсон юм.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2021 онд гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдтэй хийсэн "Бидний нийтлэг зорилго"-ыг дэмжих асуудлаарх хэлэлцүүлэгт дэвшүүлсэн “Боловсролыг хувьсган өөрчлөх” санаачилга нь тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх үндэс мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн билээ.

“Боловсролын хувьсал өөрчлөлт нь илүү аюулгүй, илүү тэгш, амар амгалан ирээдүйд хүрэх замыг олж тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд улс орнууд боловсролыг хувьсган өөрчлөхөд чиглэсэн хамгийн өндөр дээд түвшний хамтын алсын хараа, үүрэг амлалтыг томьёолох зорилготой талуудын оролцоог хангасан зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Чанартай боловсролыг дэмжих ТХЗ 4-ыг хэрэгжүүлэх чиглэлд гаргасан ахиц дэвшил нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг олон талт, нэгдмэл шинж чанартай болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ”.  

young participants at TES
Тайлбар: Хэлэлцүүлэгт залуучуудыг өргөнөөр оролцуулж тэдний дуу хоолойг сонсохоос гадна тэдэнд хэлэлцүүлгийг чиглүүлэх үүрэг даалгавар ч мөн оногдов.

Ковид-19 цар тахал нь боловсролд оршиж ирсэн дутагдалтай талуудыг улам бүр дордуулж, бүхий л улс орнуудын соён гэгээрүүлэх үйл ажиллагаа тасалдахад хүргэсэн тул НҮБ-ын гишүүн улс орон бүр боловсролыг хувьсган өөрчлөх үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ оны 9-р сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы үеэр зохион байгуулагдах “Хувьсаж буй боловсрол” (ХББ) сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад улс орнууд XXI зууны боловсролын тогтолцоогоо хувьсган өөрчлөх тус тусны үүрэг амлалтаа илэрхийлэх юм.

Энэ оны 6-р сард Парис хотноо болсон “Хувьсаж буй боловсрол” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэгт Монгол улс Ковид-19-ийн үеийн хөл хорио, сургуулиуд хаагдсан нөхцөлд дижитал сургалт зохион байгуулж зарим мэдэгдэхүйц ахиж дэвшил гаргасан талаар танилцуулсан. Гэсэн хэдий ч, сорилт бэрхшээлтэй тулгарч ирсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар Монгол улсад сургуулийн насны 600,000 хүүхдийн гуравны нэг нь зайны сургалтад хамрагдах боломжгүйгээс сурлагын хоцрогдолд орох өндөр эрсдэлтэй байна. Мэдлэг, мэдээлэл олж авахад дөхөм үзүүлдэг  технологийн хүртээмжгүй байдал болон тэдгээрийг үр өгөөжтэй ашиглах чадваргүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эмзэг бүлгийн хүүхдүүд, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд дижитал хуваагдалд ороод байна.

“Цар тахлын үед тасралтгүй боловсрол олгох бидний туршлага, хүчин чармайлтад үндэслэн манай боловсролын тогтолцоонд холимог сургалтын аргыг тууштай суулгаж өгөх нь дамжиггүй” хэмээн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С. Санжаабадам хэллээ.

Тэрбээр, дижитал сургалтын арга туршлага нь бидний сул болон давуу талуудыг харуулж буйг онцлоод, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ технологи, инновацийг түлхүү ашиглахыг хөхиүлэн дэмжсэнээр Монголын боловсролын систем дэх дижитал өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд дээд боловсрол хүртэлх бүх шатны боловсролын чанарыг хангах үүднээс багш нарыг давтан сургах, сурган хүмүүжүүлэх арга барил, стандартыг шинэчлэн боловсруулах нь уг салбарт хийгдэх хувьсган өөрчлөлтийг амжилтад хүргэх гол чиглэл гэж тодорхойлов.

Зөвхөн төрийн татаас дээр тулгуурладаггүй, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоог татах чадвартай боловсролын санхүүжилт нь ирээдүйн боловсролын тогтолцоог хөгжүүлэх хүчирхэг хүчин зүйл гэж үзлээ.

Хэлэлцүүлэгт оролцогч хүүхэд залуучуудын төлөөлөл болох нэгэн сурагч "Боловсролыг хувьсган өөрчлөх маш чухал сэдвээр бидэнтэй зөвлөлдсөн насанд хүрэгчид та бүхэнд хүүхдүүд бид талархаж байна. Энэ бол та бүхний боловсролын салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм" гэв.

Ирээдүйд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд боловсролыг хэрхэн хувьсган өөрчлөх, цэцэглэн хөгжсөн, аз жаргалтай, эрүүл нийгмийг бий болгох үндэс суурийг хэрхэн бүрдүүлэх талаар олон талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг уулзалт улс орон даяар өрнөж, найдвар төрүүлэхүйц үр дүнгээ өгч эхлээд байна. Оролцогч талуудын дэвшүүлсэн санааг хууль санаачлагчид хүлээн авч, энэ намар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байна.    

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд