Хэвлэлийн мэдээ

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан уриалга

2021 оны наймдугаар сарын 11

Хүүхэд залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

Youth
Caption: Залуус бол хөгжлийн түүчээ.
Photo: © НҮБ-ын СЗГ /Д. Давааням

Улаанбаатар хот -- НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд тусгайлсан тогтоол гарган жил бүрийн 8 дугаар сарын 12-ныг Олон улсын Залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр зарласан билээ. Түүнээс хойш дэлхий дахинаа Залуучуудын өдрийг өргөнөөр тэмдэглэх болсон төдийгүй Монгол Улс 8 дугаар сарын 25-ыг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болжээ. Тиймээс жил бүр энэ өдрийг тохиолдуулан эерэг өөрчлөлтийг авчрах гол хүч болох залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг онцлохын зэрэгцээ тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээл, боломжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарах болсон.

НҮБ нь залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг чухалчлан үзэж, тэдний хөгжилд холбогдох амин чухал асуудлыг хөндсөн ярилцаа хэлэлцээрт тэдний оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн билээ.

“Залуучууд 2030” буюу залуучуудын талаарх НҮБ-ын стратеги нь тэдний эрүүл мэнд, эрхийг хамгаалах, улс орныхоо болон өөрсдийн ирээдүйг удирдан чиглүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Залуучууд эрүүл байж, боловсрол эзэмшин өөрсдийн бие махбод, аж амьдралын эзэн байх ёстой бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд бүр илүү хамаатай юм.  Учир нь Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, залуус тул тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг одоо хийхгүй бол Монгол Улсын ирээдүй эрсдэлд орно.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, ялангуяа шийдвэр гаргахад залуучуудыг оролцуулах, тэднийг чадавхжуулахад хөрөнгө оруулах, чанартай боловсрол, ажлын байраар хангах зэрэг биелээгүй амлалт, нөхөөгүй орон зай байсаар байна. Тухайлбал, залуучууд эрхээ эдлэх үүд хаалгыг нээх, үүргээ ухамсарлан хариуцлагатай хандахад чиглүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн зэрэг эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэгт ялгаатай байдал, хоосон орон зай оршсоор байна. Эдгээр асуудлыг бодлого, хэрэгжүүлэлтийн төвшинд сайтар анхаарснаар залуу хүн бүрийн боломжийг бүрэн нээж, улмаар ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, бүх нийтийн хөгжил дэвшлийг хангах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болох нь гарцаагүй.

2021 оны Олон улсын залуучуудын өдрийг “Хүнсний тогтолцооны шинэчлэл: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацийг дэмжих нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж буй бөгөөд залуучуудын утга төгөлдөр оролцоог хангахгүйгээр хүнсний тогтолцоог шинэчлэх дэлхий нийтийн хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Хоол хүнс нь зөвхөн бидний идэж уудаг зүйлс биш. Хүнс нь хүмүүс бидний байгальтай харилцах харилцаа, эдийн засаг, соёлын үндэс суурь юм. Тэрчлэн хүнсний тогтолцоо нь бидэнд тулгарч буй дэлхий нийтийн томоохон сорилт болох ядуурал, хүнсний аюулгүй байдал, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомстол, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал зэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Эдгээр асуудлын үндэс суурь нь хүнсний тогтолцоотой тодорхой төвшинд холбоотой байдаг. Өнөөдрийн хувьд дэлхийн бусад улсын адилаар Ковид-19 цар тахал нь угаас эмзэг, сул дорой байгаа хүнсний тогтолцоонд нөлөөлж, улмаар хүмүүс, эх дэлхий, хөгжил дэвшилд сорилт авчирч байна.

Монгол Улсын хувьд хүн амзүйн бүтцэд нийцүүлэн, залуучуудын оролцоог ханган, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжил, нийгмийн эерэг өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, технологийн шинэчлэлийг удирдан чиглүүлэх боломж дүүрэн байна. Өнөөгийн өсвөр үе, залуучууд 2030 он гэхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих бөгөөд эрүүл, боловсролтой, ажилтай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай дэлхийн иргэнийг харахыг бид хүсэж байна.

Олон Улсын Залуучуудын Өдрийг тохиолдуулан НҮБ-аас Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хүн бүхэнд хандан хүүхэд залуучуудыг дэмжих, эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үйлст тэднийг тэгш хамруулж, идэвхтэй оролцуулахыг уриалж байна. Энэ ташрамд Монгол Улсын болон дэлхий нийтийн хүнсний тогтолцоог шинэчлэх үйлсэд идэвхтэй оролцохыг өсвөр үеийнхэн, залуучуудад уриалж байна.

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан уриалга

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУХБ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
НҮБ-Хабитат
НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБДАЭДК
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
НҮБАҮХБ
НҮБ-ын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд