Хэвлэлийн мэдээ

Монгол Улсаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчид шагнал хүртлээ

2021 оны тавдугаар сарын 10

  • 2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулсан энэхүү түүхт ойн баярын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х. Баттулга, Батлан ​​хамгаалахын сайд Г. Сайханбаяр, Батлан ​​хамгаалахын үе үеийн сайд нар болон Монгол Улстай цэрэг, армийн хамтын ажиллагаа бүхий улс орны элчин сайдууд оролцов. 
Peacekeepers awarded
Caption: НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра энхийг сахиулагчдад шагналыг нь гардуулав
Photo: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа

Энэхүү онцгой тэмдэглэлт ойг тохиолдуулан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад төрийн болон салбарын одон медалын хур буув. Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра оролцож, Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Энхийг сахиулагчдад Хүндэтгэлийн медаль гардуулав.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 18,144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.  

Эдүгээ, Монгол Улсын 1100 энхийг сахиулагчид Бүгд Найрадамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласны үр дүнд Монгол Улсын цэргийн алба хаагчдын нэр хүнд олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсныг онцлон тэмдэглэв.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, зөрчил мөргөлдөөнөөс энх тайван хүртэлх хүнд хэцүү замыг туулж буй орнуудад энх тайван тогтоох, аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монголын цэргийн алба хаагчид амь биеэ үл хайрлан энх тайван, аюулгүй байдалд хүрэх замыг нээх үүрэг даалгавраа гүйцэтгэж ирсэнийг онцлон тэмдэглэж, НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бүхий л эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдад  хүндэтгэл үзүүлдэг болохыг онцлов.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваа амь насаа алдсан энхийг сахиулагчдын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн ёслолын ажиллагааг 5-р сарын 27-нд НҮБ-ын төв байранд зохион байгуулах бөгөөд энэ үеэр Даг Хаммарскжолд медалийг UNMISS (Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар)-т алба хааж байсан Монгол Улсын бага түрүүч Д. Ганбаатар тэргүүтэй энхийг сахиулагчдад нэхэн гардуулна.

2021 онд түүнчлэн, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Монгол дахь НҮБ нь МУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран энэхүү чухал ойн баярыг тохиолдуулан энэ талаар олон нийтэд таниулан сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улс дахь НҮБ нь даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг зүй ёсоор үнэлж талархлаа илэрхийлж байна.

President awards peacekeepers
Caption: МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний зарим ангиудад шагнал гардуулав.
Photo: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа
Mongolian Peacekeeper
Caption: Тапан Мишра энхийг сахиулагчдад шагнал гардуулав
Photo: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа

 

Mongolian Peacekeeper
Caption: Энхийг сахиулагчид
Photo: © НҮБ-ын СЗГ /Д.Соёлмаа
UN Peacekeepers on march
Caption: НҮБ-ын Энхийг сахиулагчдын баярын жагсаал
Photo: © НҮБ-ын СЗГ / Д.Соёлмаа

 

Монгол Улсаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчид шагнал хүртлээ

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

UNMISS
United Nations Mission in South Sudan

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд