Хэвлэлийн мэдээ

КОВИД-19-ийн цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хуралдаан цахимаар боллоо

2021 оны дөрөвдүгээр сарын 28

  • Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч нарын санаачилгаар Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг” байгуулах ажлыг ажил хэрэг болгон өчигдөр анхдугаар цахим хуралдааныг хамтран зохион байгууллаа. Уг хуралдаанд нийт төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, НҮБ-ын агентлагууд, хүмүүнлэгийн багууллагуудын төлөөлөл болох 60 гаруй хүн оролцов.
The first ICG meeting
Caption: Нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хуралдаан
Photo: © UNRCO

Энэхүү Нэгдсэн зохицуулалтын багийг Шадар сайд С. Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар хамтран удирдах бөгөөд гол зорилго нь Монгол улсад нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг тооцоолж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах явдал юм.

Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд С. Амарсайхан Монгол Улсад КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон талын дэмжлэг үзүүлж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

“Нэгдсэн зохицуулалтын баг нь Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн алсын харааг тодорхойлж, Хүмүүнлэгийн хамтарсан үйл ажиллагааны богино болон дунд хугацааны  стратегийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэж ноён Тапан Мишра хэлсэн үгэндээ онцоллоо.

Хуралдаанаар Шадар сайдын ажлын албанаас өнөөгийн цар тахалтай тэмцэж, цаашид нийгэм, эдийн засгийн болон хүмүүнлэгийн үр дагаврыг аль болох бага түвшинд байлгахад нэн шаардлагатай дэмжлэг тусламжийн талаар оролцогчдод танилцууллаа.

Мөн КОВИД-19 халдварын цар тахлын талаар цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд нэгдсэн зохицуулалтаар хүргэх талаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллана.

Тус хурлын үеэр НҮБ-аас цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл, ялангуяа цар тахлын иргэд болон бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй мэдээллийг нэг дороос цогц байдлаар хүргэх зорилгоор санаачилсан КОВИД-19 мэдээллийн нэгдсэн вэбсайт (www.covidmongolia.mn)-ыг танилцуулж, Шадар сайдын ажлын албатай хамтран уг вэбсайтыг албан ёсоор нээлээ.

Энэхүү нэгдсэн баг байгуулах санаачлагыг оролцогчид таатай хүлээн авч, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг илүү нягт, үр дүнтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

КОВИД-19-ийн цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хуралдаан цахимаар боллоо

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

ХХААБ
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ОУШХБ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
НҮБХХ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
НҮБХАС
НҮБ-ын Хүн амын сан
НҮБХС
НҮБ-ын Хүүхдийн сан
ДЭМБ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд