Хэвлэлийн мэдээ

МУ-ын Шадар сайд НҮБ-ын Суурин зохицуулагчтай цахим уулзалт хийлээ

2021 оны дөрөвдүгээр сарын 23

  • Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар өнөөдөр цахим уулзалт хийж, Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх зарим асуудлаар ярилцлаа.
Meeting with Deputy Prime Minister
Caption: Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай цахим уулзалт хийв
Photo: © DPM Office

Шадар сайд С. Амарсайхан Монгол улсад нүүрлэж буй цар тахалтай тэмцэхэд төдийгүй цаашдын тогтвортой хөгжлийг хангах чиглэлд олон талын дэмжлэг тусламж үзүүлж ирсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын хандивлагч байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархлаа илэрхийллээ.

Ноён Мишра өнөөгийн Ковид19 цар тахалтай тэмцэх чиглэлд оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах механизмыг сайжруулахын чухлыг онцлов. Улмаар талууд Ковид-19 цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд  Засгийн газрын болон олон улсын байгууллагуудаас бүрдсэн Нэгдсэн Зохицуулалтын Баг байгуулах талаар санал солилцлоо.

“НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын зүгээс цар тахлын нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийн эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээг дэмжихийн тулд хүмүүнлэгийн болон хандивлагч байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад илүү ихээр чармайх болно” гэж ноён Мишра хэллээ.

Мөн өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын зүгээс Ковид-19 цар тахлын Монгол  улсад үзүүлж буй нөлөөллийг цогц байдлаар харуулахыг зорьж байгуулсан  www.covidmongolia.mn нэгдсэн портал вэбсайтыг танилцуулав. Энэ нь цар тахал, түүний иргэдэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх болон бусад олон талын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

UNRC meets with DPM
Caption: Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын суурин зохицуулагч нарын цахим уулзалт
Photo: © UNRCO

Цар тахлын нөхцөл байдлыг цаг алдалгүй хүргэж буй цогц мэдээллийг нэгтгэсэн вэбсайтыг болосвруулсан явдалд Шадар сайд талархлаа илэрхийлллээ.

Тэрбээр, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах ажиллагааг илүү үр дүнтэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах талаар бодит мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад тустай энэхүү вэбсайтыг бид талархан хүлээн авч байна хэмээв. 

Энэхүү вэбсайт нь цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайн судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн тойм, түүнчлэн Засгийн газрын гол шийдвэрүүд, Ковид19-тэй холбоотой төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын талаарх мэдээлэл зэргийг англи, монгол хэлээр нэг дор харах боломжийг олгож байгаа юм.

Талууд дээр дурьдсан Нэгдсэн Зохицуулалтын Багын анхны хурлыг ирэх долоо хоногт хамтран зохион байгуулж энэхүү хурлын үеэр уг вэбсайтыг олон нийтэд танилцуулахаар тохирлоо.

МУ-ын Шадар сайд НҮБ-ын Суурин зохицуулагчтай цахим уулзалт хийлээ

Soyolmaa

Д. Соёлмаа

НҮБ-ын СЗГ
Мэдээлэл харилцааны ажилтан

Энэхүү санаачилгад нэгдсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

НҮБ-ын СЗГ
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

Энэхүү санаачлагаар дэмжиж буй зорилгууд